www.zbu.edu.mn

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
И-мэйл Хэвлэх PDF

8-р Богд Жэвзүндамба хаан 1911 оны үндэсний хуьсгалын эцэг болох нь

Зарлигаар тогтоосон Гадаад Монголын Төрийг засах явдлын яамны Хууль зүйлийн бичиг Манж Чин улсын төрөөс Монгол зэрэг үндэстний газар орныг ноёрхон захирах хууль цаазын ерөнхий хөтөлбөр болох бөгөөд Гадаад Монголын төрийг засах явдлын яамнаас эрх мэдлээ хэрэгжүүлэхэд баримталж байсан хууль эрх зүйн акт лавтай мөн. Энэхүү хууль зүйн бичгийг хамгийн анх Энх амгалан хааны үест зохиосон байх бөгөөд түүнээс хойш олон удаа нэмэлт орж зассан байна.

 

Эл хууль зүйлийн бичигт Лам нарын хэргийн хууль хэмээх тусгай дэвтэр байдаг бөгөөд эл Лам нарын хэргийн хууль нь  таван бие  даасан хэсгээс бүтсэн 108 зүйлтэй байгаа юм. Лам нарын хэргийн хуулийн 108 зүйлийн 14 нь шууд Жавзандамба хутагтад зориулагдсан байгаа юм. Өөрөөр хэлбэл Манжийн үеийн монголд байсан лам нарт зориулсан гэсэн үг. Социализмын жилүүдэд монголын хүн амын 45 хувь нь лам нар байсан гэх юмуу ерөнхийдээ нэг зуу гаруй мянган лам нар байсан талаар бичсэн нь буй. И.Майскийгийн судалгаанаас үзвэл Монголын нутагт Өвөр Монгол орохгүйгээр 2752 сүм хийд байжээ гэж үзэхээр байна. Чингэхдээ гол төлөв ард олныг сорон мөлжигч байсан мэтээр харуулах зорилготой хийгддэг байлаа. Чухамдаа Английн эрдэмтэн Уолкерийн бичсэнчлэн догшин ширүүн авиртай монголчуудыг зөөлрүүлэхийн тулд бурханы шашныг Монголд хүчтэй  дэлгэрүүлсэн хэмээн бичсэн байдаг нь 16 зууны үед хамрагдах үнэн билээ. Гэвч Х1Х зууны сүүлч, ХХ зууны эхэн үе болоход Монголд байдал эрс өөрчлөгдсөн билээ. Монголын хүн ам үндсэндээ бурханы шашинтан болсон байлаа. Шашныг судлаагүй тодорхойлоогүй нэг ч томоохон нийгэм судлаач, эрдэмтэд байдаггүй. Яагаад вэ? гэвэл шашныг тойрч гараагүй ямар ч хүн байхгүйд л учир нь байгаа юм.

Шашин гэдэг бол хүмүүсийг ёс суртхууны нэгэн нэгдмэл байдалд нэгтгэж тийм ариун нандин үнэт зүйлстэй холбоотой сүсэг бишрэл итгэл үнэмшил, зан төрхийн систем юм. Соёл иргэншилтэй, соёл иргэншилгүй ямар ч улс үндэстэнд шашин заавал оршиж иржээ. Учир нь хүн бүр нийгэм бүр өөрийн хувийн мэдлэгээс цаана орших үзэгдэл үйл явдлуудад тодорхой тайлбар олохыг байнга хичээж байдагт оршино. Үүнийг социализмын дараах жилүүдэд Монголд сэргэж буй бурханы шашны байдлаас тодорхой харагдана хэмээн бодно.

1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Монголчууд Манж гүрнээс салж, бие даан тусгаар тогтносноо дэлхий дахинд албан ёсоор зарлаж, Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн билээ.

Эл түүхэн үйл явдлыг санаачлан, оройлон зохион байгуулсан, удирдагч VIII Богд Жавзандамба хутагтыг эдүгээ Монголчууд бараг мартах шахаж байв. Түүний тухай социализмын үед шар феодал, сохор энэ тэр гээд бүхий л талаар нь муучлан доромжилж байв. Бүр түүнийг амьсгалаа хураан хураатлаа монголын ард түмний дайсан байсан мэтээр бичиж байлаа.

Монгол, Орос, Япон зэрэг улсуудын түүхийн архивын эх сурвалжууд хийгээд 1911 оны үндэсний хувьсгалын үйл хэрэгт оролцогчид, уг үйл явдлыг нүдээр үзсэн гадаад, дотоодын хүмүүсийн бичиж үлдээсэн материалууд, тухайлбал, Магсар хурц, манжич Л.Дэндэв, Г.Навааннамжил нарын зэрэг олон хүмүүсийн дурсамж, яриа, мэдээнд түшиглэн тэртээ 1911 оны Монголын үндэсний хувьсгалын урьдчилсан нөхцөл, өрнөл, оргил болон дараах үеийн үйл явдлыг тодруулж, эл томоохон үйл хэрэгт VIII Богд Жавзандамба хутагтын оруулсан хувь нэмрийг аль болох бодитоор нээн харуулахыг хичээнгүйлэн оролдлоо.

1911 оны үндэсний хувьсгалын урьдчилсан нөхцөл

Монголд өөрийн амьдралын 50 шахам жилийг өнгөрүүлсэн Оросын нэрт дипломатч Яков Шишмарев бүр 1885 онд монголчуудын талаар бичихдээ: “Монголчуудын дотор тухайлбал, Халхчууд хийгээд Цахаруудын хооронд эсрэг тэсрэг байдалтай байна. Халхчууд монголын олон овгуудын дотор өөрийгөө тэргүүлэх зэрэгт тавьдаг бөгөөд тэд 1691 онд Манжийн эрхшээлд орсон юм. Хэрэв Монголчуудыг нэгтгэх ямар нэгэн нөхцөл байдал бий болбол Халхчууд түүнийг тэргүүлэх нь гарцаагүй. Үүнд олон учир буй боловч хамгийн гол нь Халхад бүх монголчууд, халимагуудын шүтэн бишрэгч Авид Жавзандамбын хойд дүр хүрэлцэн ирж сууж буй явдал  хэмээн онцлон тэмдэглэжээ.

Тэрбээр цааш өгүүлэхдээ: “Монголчууд өөрийнхээ түүхийг санаж буй бөгөөд тэд тусгаар тогтнон оршихын төлөө хятадуудтай хийж ирсэн зууны тэмцлээ мартаагүй билээ. Монголчууд өөрсдийгөө дарлуулж байхыг харахад үнэхээр дургүй байгаа. Дээр нь Манжийн эрх баригчдын монголчуудыг үл ойшоосон байдал, хятад түшмэл, худалдаачдын дарангуйлал монголчуудыг тэсэх аргагүй байдалд хүргэж, тэдний хүсэл тэмүүллийг оргилуулж байна. Монголчуудын хэзээ нэгэнт цагт өөрсдийнх нь тэдэнд өгсөн хятад (дарлагдсан, ялагдсан ард түмэнд олгосон дарлагдагч, ялагдагч хэмээх нэрийг эх сурвалжид ийнхүү тайлбарлажээ) хэмээх нэрний учирыг сайтар ухаарч буй.

Монголчуудын өнгөрсөн хийгээд ирээдүй цагийн тухай, газар сайгүй, уул хаданд хүртэл бичигдсэн төрөл бүрийн бичээсний тухай зэрэг олон домог бий.

Хутагтыг Монголоос бус Түвдээс тодруулж, өөрөөр хэлбэл монгол бус түвд хүн Хутагтаар Монголд суулгаж, түүнд ямар нэгэн эрх мэдэл Манжийн хаанаас олгохгүй байсан хэдий ч Хутагтын нэр хүнд Монголд үнэхээр их агуу байсан. Тэрээр өөрөө шууд үйл ажиллагаа удирдах хүн биш боловч зөвхөн Монголоор зогсохгүй бусдын хувьд хүчтэй зэвсэг нь болж чадах хүн”  хэмээн тэмдэглэсэнийг анхаарах нь зүй болов уу.

1893 оны зун болсон Долоон хошуу даншиг наадамын дараа Монголын ноёд үлдэж, VIII Богдын хамт хуралдан, Бээжингийн шаардлагаар татвар өсөж буйгаас болж Монголын байдал хүндэрч байгаа талаар ярилцсан байна.

1904 оны 10 дугаар сард Хүрээний хутагт монгол амбан болон олон монгол ноёдын хамтаар Бээжинд нууц илтгэл бичиж, түүндээ Хүрээний манж амбан Дэ-лингийн эсрэг 11 зүйлээр буруутгасан байна. Уг илтгэлийн улмаас Дэ-линг Хүрээний манж амбан сайдын тушаалаас огцруулж байжээ . Энэ тухай Хүрээнд сууж байсан Оросын консулын ажилтан В.Долбежев төвдөө уламжилсан байна.

Хүрээ, Бээжинд байсан Оросын элч төлөөлөгчдөөс Эзэн хаан, Гадаад яамандаа ирүүлсэн илтгэл, мэдээ, нууц цахилгаан зэрэг олон баримт бичгүүдэд Монголын нөхцөл байдлыг маш тодорхой дүрслэн харуулсан байна. Тухайлбал, нэгэн илтгэлд “Монгол дахь Манжийн эрх баригчид, хятад түшмэлүүд өөрсдийн эрх мэдэлд бүхнийг захируулахыг хүчээр хичээж байна, тухалбал тэд ноёдын засаг захиргаа, нөлөө бүхий лам, эрхтэн дархтануудыг өөртөө татахыг оролдож байна. Лам, хятад худалдаачдын дүрд хувилсан япончууд Монголын гол төлөв Хятадад ойрхон нутгаар холхиж, японы эрэл хайгуулчид Монголыг орхихгүй байна. Үүнд нь хятадын худалдаачид тусалж байна”  хэмээн бичсэн нь тухайн үеийн Монголын үнэн дүр төрхийг илтгэсэн болов уу.

VIII Богд Жавзандамба хутагт 1911 оны Монголын үндэсний хувьсгалын удирдагч болох нь

Богд Жавзандамба хутагт 1909 онд буулгасан нэгэн лүндэндээ: “эдүгээ манай Монголын шашин төрөө бататган, газар нутгаа хамгаалж, өнө удаан амар жаргалтай суухын аргыг бодох цаг болов. Зүгээр сууж энэ тухайг алдан өнгөрүүлбээс эрх жаргалтай суух байтугай, элдэв зовлонг үзэж газар шороогоо ч эзэмшиж чадахгүй болно. Энэ учрыг мэдсээр байж та бүгдэд эс сануулбаас монгол тоотон бүгдээрээ миний найман дүрийг шүтэж тахисны тус үгүй болох тул би мэдсэнээ хэлэхгүй зүгээр сууж төвдөхгүй… Үүнийг танай олон ноён түшмэд арга юуг сайтар бодож тус тусын санаж бодсоноор нэн даруй над илтгэ”  хэмээжээ.

1911 оны 7 дугаар сард Хүрээнд болсон ноёдын нууц зөвөлгөөний тухай мэдээ олонтай байдаг билээ. Харин уг зөвөлгөөнийг “Богдын гэрт болж, тэрээр уулзалтыг даргалжээ”  хэмээн Бээжинд сууж байсан Америкийн Элчин сайдын яамнаас Засгийн газартаа ирүүлсэн нот бичигтээ мэдээлж байжээ. Хэдийгээр уг нууц зөвөлгөөн Богдын өргөөнд болоогүй, зөвөлгөөнийг Богд шууд даргалаагүй ч энэ мэдээ бол уг арга хэмжээн дэх Богдын оролцоог давхар нотолж буй хэрэг буй за.

1911 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Хүрээнд ирээд байсан Добданов хэмээх нэгэн буриадаас В.Котвичид бичсэн захидалд Монголын улс төрийн байдлын тухай бичиж, “Халхын амьдралын ирээдүйн бүх шанс ганцхан Богд хааны гарт байна. Түүний улс төрийн мэргэн ухаан одоо хэр тодорхойгүй байна”  гэсэн байна.

 

Мөн Добдановын 1911 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дээд Үдээс Котвичид бичсэн захидалд гарч буй нэгэн сонирхолтой зүйл бол Монголын тусгаар тогтнолыг тунхаглаж, эзэн хааны суудалд Жавзандамба хутагтыг өргөмжилсний дараа төр, засгаа төвхнүүлж, ард олноо хөхүүлэн шагнаж урамшуулсаны зэрэгцээ эл их хэрэгт онцлон тусламж дэмжлэг үзүүлсэн хэмээн үзэж, Хүрээнд сууж байсан Оросын консул Г.Лавдовскийд ван цол шагнаж, отго жинсээр хөхүүлэн шагнасан тухай мэдээ  оржээ.

Энэхүү захидалд Богдыг хаан ширээнд залахад түүний эхнэр Цагаан дара эхийг улсын эх дагинаар өргөмжилсөн хийгээд хаан ширээ залгамжлагчаар 12 настай ялгуусан ламыг өргөсөн тухай  бас өгүүлжээ. Тэрхүү Добданов Богдын тухай өгүүлэхдээ: “Хутагтын хувьд Монголын хаанаар өргөмжлөгдсөн явдал нь санамсаргүй хэрэг бус байлаа. Тэрбээр олон жилийн турш бараг л тийм байсан юм. Тэрээр дэлхий дахины өмнө Монголын хаан болохоо харуулахыг олон жилийн турш тогтмол, болгоомжтой, бодлоготойгоор бэлтгэсэн юм. Ийнхүү болсон эргэлт нь бүхэлдээ Хутагтын мэргэн бодлого, түүний төрийн нарийн ухааны шижим юм”  хэмээн онцлон тэмдэглэжээ. Энэ бол чухамдаа монголчууд бидний олж харахгүй байгаа эсвэл олж харсан ч хэлж зүрхлэхгүй байгаа түүхэн үнэн хэмээн үзүүштэй.

Мөн түүнчлэн Добданов Котвичид бичсэн захидалдаа: Монголын үндэсний хувьсгал нь Манжийн эрх баригчдад ихээхэн хүнд цохилт өгч, чингиснээрээ Хятадын хувьсгалд тус дэмжлэг үзүүлсэн хэрэг хэмээн дүгнээд чухамдаа бол хятадууд монголчуудын үүнд нь талархал илэрхийлж, ядаж л тэдний одоо үүссэн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх учиртай  болохыг тэмдэглэжээ. Энэ асуудал бол 1911 оны Монголын үндэсний хувьсгалыг цаашид улам нарийн судлууштай болохыг харуулж буй нэгэн чухал асуудал яах аргагүй мөн билээ. Чухамдаа манжийн эрх баригчид Хятадын хувсгалын эсрэг тууштай арга хэмжээ авч эсэргүүцэл үзүүлээгүй нь Манж гүрний эзэмшлийн бүр зах хязгаар нутагт хүртэл хувьсгал гарч, энэ үйл явцыг эсэргүүцэх боломж хомс гэдгийг тэдэнд ойлгуулсан нэгэн хүчин зүйл нь Монголын 1911 оны хувьсгал хэмээн үзэхэд болохгүй гэх газаргүй мэт.

Богд Жавзандамба хаан суусан тухай уг үйл явдалд оролцогчийн байр сууринаас бичиж үлдээсэн 1933 оны 6 дугаар сарын 21-нд Сэлэнгэ аймгийн харьяат Алтанбулаг хотын буриад Дамбадугар, Цыдипов, Инэтээс 1904 оноос хойш дотоод, гадаад Монголчуудаас Манжаас салж, тусгаар улс байгуулахыг сэдэвлэн хийж байсан түүхт хэргүүдийг тодорхойлон бичиж, Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн газар өргөсөн өргөдөл бичигт өгүүлэхдээ: “Богд хааныг хаан хэмээн өргөмжилсөн учир болбоос Богд хаан өөрөөсөө хаан болно хэмээн дурлаж суусан нь бус арга үгүй олон нийтийн ардын саналыг дагуулан мөн нэгэнт Орос улсын засгийн заавраар суусан болох ба тэр үед Орос улсын элчин сайд ба түшмэл нар өөр хоорондоо маргалдан хэлэлцэж байсаныг хэлбээс хэрэв Халх Монгол улсыг тусгаарлах цагт Богдоос өөр бусдыг хаан эзэн хэмээн нэрийдэхэд бэрхтэй. Хэрэв халхын дөрвөн ханы нэгийг өргөмжилвөөс үүрдэд нэг нь Хятад улстай хуйвалдан бие биентэйгээ тэмцэл болж хэтийн хэрэг явдал дор саад боомт болох болзошгүй хэмээн болгоомжлон Богд хааныг өргөмжилсөн”  хэмээжээ.

VIII Богд Жавзандамба хутагтын товч намтар

VIII Богд Жавзандамба Агваанлувсанчойжиннямданзанванчигбалсамбуу  1869 онд Түвдэд Далай ламын санхүүч чинээлэг түшмэл Гончигцэрэнгийн гэpт төpсөн байна. Богд намрын сард төрсөн бололтой, учир нь жил бүрийн намрын сүүл сарын шинийн 8-нд Богд эзэн хааны түмэн өлзий гийсэн их баярын өдөр хэмээн монголчууд орон даяар мөргөл үйлдэж байжээ.

Хүрээнд сууж байсан консул Я.Шишмаревын Оросын Гадаад хэргийн яамны Азийн газарт явуулсан 1871 оны 6 дугаар сарын 25-ны мэдээнд өгүүлэхдээ: “Саяхан Түвдэд хутагтыг тодруулсан тухай баяртай мэдээлэл Монгол хүлээн авлаа” гээд “Хүрээний хутагтыг есөн эрэгтэй хүүхдээс эхний ээлжинд гурван хүүхдийг сонгож, хэдэн өдрийн мөргөл болон ёслол үйлдсэний дараа гурван хүүхдийн нэрийг битүү саванд хийж, Далай лам нэгийг сугалсан нь Лхассаас холгүй амьдардаг Түвд гэр бүлийн хүүхэд таарав”  хэмээжээ. Консулын удаах мэдээнд 1873 оны гурван сарын 24-нд Хүрээнээс Түвд рүү Хүрээний шинэ Жавзандамба хутагтыг залахаар Монголын ноёд, лам нарын төлөөлөгчдийн баг хөдөлснийг илтгэжээ .

Харин VIII Богд Жавзандамба хутагт Хүрээнд 1874 оны 9 дүгээр сарын 30-ны өглөө баяр ёслолын байдалтайгаар хөл тавьжээ . Хүрээнд Богд Жавзандамба залагдах сургаар хүн ам нь хоёр дахин ихэссэн гэнэ, үүний дотор ноёдууд ч ихээхэн цугларсан байжээ. Тун удалгүй 1874 оны 10 дугаар сард VIII Богд Жавзандамба хутагтыг Хүрээнд угтан авч, халх дөрвөн аймгийн хан ван гүнгүүд цуглаж, Богдын ширээнд залжээ. Манжийн эзэн хаанаас түүнд цол хэргэм, “Алтан навчит өргөмжлөл”, алтан тамга зэргийг олгосон байна.

1890 оны Наймдугаар сард болсон Долоон хошуу даншиг наадамын үеэр Богд лам нарын нөлөөнөөс ангид байж, боломжоороо бие даасан амьдрал зохиохыг хичээж байгаа  тухай тэмдэглэсэн байна. Тухайлбал, тэрбээр зөрүүд загнаж, хүүхнүүдтэй орооцолдож, согтуугаар олны өмнө ил гарч байгаа хэмээн бичжээ. Харин Монголын ард олон, лам нар гэгээний эдгээр үйлдлийг аль болох зөвөөр тайлбарлахыг оролдож байна хэмээжээ.

1893 онд Богд Жавзандамба хутагт 25 нас хүрсэн тул энэ жилийн зуны сард гурван жил тутам хийдэг Долоон хошуу даншиг наадам болж, Хүрээний хутагтын ойд зориулагдсан байна.  Энэхүү баяр наадмын дараа (1893 онд болж буй хэрэг. –О.Б) Монголын ноёдууд үлдэж, Богдын хамт хуралдан, Бээжингийн шаардлагаар татвар өсөж буйгаас болж Монголын байдал хүндэрч байгаа талаар ярилцсан байна.

Таван настай байхад нь тодpуулан Хүpээнд залж иpснээс хойш түүний бүхий л амьдpал Монголын түүхтэй холбогдсон юм. Тэрбээр аав, ээж, ах дүү нарын хамт долуулаа Монголд ирсэн байна.

Богдод багаас нь төвд, монгол хэл бичиг зааж, улмаар шашны болон дорнодахины ёс заншилыг түүнд сургасан байна. Тэрээр Монголд шарын шашиныг тэргүүлж байсан найман Богдоос ганцаараа гавж цолтой хүн байсан хийгээд Монгол Улсын эзэн хаанаар гурвантаа суусан сүүлчийн хаан билээ.

“Монголын нөлөө бүхий бусад феодалууд тухайлбал VIII Богдын шадар хүмүүс Цэрэнчимэд да лам, Түшээт хан аймгийн жанжин чин ван Ханддорж нарын зэрэг хүмүүс Монгол тусгаар тогтнох ёстой гэдэг үзэл санааг тууштай баримтлагчдаас 1911 оны хавар уг асуудлыг Богдод сонсгоход, тэр мөн жилийн зун олон аймаг шавиас даншиг өргөх үед дөрвөн аймгийн хаад, ноёд, ихэс лам нарыг бүрэн ирүүлж, Манжийн шинэ засгийн бодлогыг хүлээх, эсэх саналыг эрс тэс илэрхийлэн гаргаж мэдүүлэх тухай зарлиг, лүндэн буулгаж”  их хэрэг эхэлсэн мэтээр олонтаа бичигдсэн буй.

Өөрөөр хэлбэл их хэргийг үүсгэгч нь Монголын хаад, ноёд, түүнийг дэмжигч нь Богд Жавзандамба хутагт байсан мэтээр бичсэн буй. Харин түүхэн байдлыг нарийвчлан үзвэл арай өөр дүр зураг гарах мэт.

Богд Жавзандамба хутагт бүр 19 дүгээр зууны сүүлчээр Оросын эзэн хаанд өөрийн элч төлөөлөгчөө улс төрийн зорилгоор нууцаар илгээж байсан билээ.

Эхлээд 1895 онд улмаар 5 жилийн дараа Богд гэгээн дахин Да лам Бадамдорж, зайсан Цэрэн-Осор нарыг тусгай захидал, бэлэг сэлтийн хамт явуулж ивээл хамгаалал гуйсан билээ. Эл явдлыг Хаант Орос улс бас л ойшоож үзээгүй тухай түүхчид тэмдэглэдэг. Үүнийг Оросын судлаач Е.А.Белов Оросын архивт ямар нэг баримт байхгүй байна хэмээн няцаасан ч бий. Тэгвэл Оросын архивын баримтанд эл тухай маш тодорхой зүйлс байгааг хэлэх нь зүйтэй байх. Оросын эзэн хаан өөрийн мутраар Хүрээний хутагт буюу уг баримтад тэмдэглэснээр Ламын шашны тэргүүний хүсэлтийг ёсоор болгож, 30 мянган алтан зоос зээлдэхийг зөвшөөрсөн байдаг. Харин тэр мөнгийн Богд аваагүй юм.

1911 оны зургадугаар сард Сайн ноён Т.Намнансүрэн Богдод захидал бичиж, түүндээ Манжаас Халхад хэрэгжүүлж буй шинэ засгийн бодлого нь аюултай болохыг дурьджээ. Богд Жавзандамба хутагт энэхүү захидалтай танилцаад мөн оны Долдугаар сард Их Хүрээнээ дөрвөн аймгийн хан, ван, ноёдын зөвөлгөөнийг хуралдуулах зарлиг буулгасан ажээ .

Богд Жибзундамба хутагт монголчуудын дунд шашны талааp үлэмж нэp хүндтэй, монгол хэл, бичиг сайн мэддэг байсан тул үндэсний тусгааp тогтнолын төлөө хөдөлгөөний тэмцэгч түшээ гүн Чагдаржав, Сайн ноён Намнансүрэн, Чин ван Ханддоpж, Да лам Цэpэнчимэд, гүн Хайсан наpын зэpэг хүмүүс түүнийг нягт хүpээлсэн байна. Эрдэмтэн Ш.Сандаг бүр социализмын ид үзэл суртлын оргил үед “Манжийн колончлолын дэглэмийг эсэргүүцсэн монголын ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний шууд нөлөөгөөр Монголын феодалууд ч хамрагдаж улс орныг Манжийн эрхшээлээс тусгаарлан тулгар төрөө сэргээн мандуулахад оролцжээ. Феодалуудын энэ хөдөлгөөнийг Жавзандамба хутагт удирджээ”  хэмээн бичжээ.

Ийнхүү цагаагчин гахай жилийн Монголын үндэсний хувьсгал өpнөж, улмааp өвлийн дунд саpын шинийн 9 буюу 1911 оны 12 саpын 29-нд Жибзундамба хутагтыг Монгол улсын эзэн хааны шиpээнд өpгөмжлөн суулгажээ. Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхөд хэд хэдэн үндэслэл нөлөөлсөн нь дамжиггүй юм. Тухайлбал, тэрээр монголчуудын дунд шашины тэргүүн төдийгүй улс төрийн хамгийн нэр хүндтэй зүтгэлтэн болж амжсан байв.

1911 оны үндэсний хувьсгалын үйл хэрэгт Богдын оруулсан үүрэг ролийн тухай асуудлыг хөндөж, эрдэмтэн Т.Төмөрхүлэг бичихдээ: “Богд бээр уул хөдөлгөөнийг биечлэн удирдаагүй юмаа гэхэд Монголыг тусгаар нэгэн улс болгох санааг лав сэдэлцсэн гэдгийг яагаад ч үгүйсгэх учиргүй”  хэмээн тэмдэглэсэн буй.

Нөгөөтэйгүүр Анхдугаар Богд Жавзандамба болох Өндөр гэгээн Занабазар нь Чингисийн алтан ураг болох Түшээт ханы хүү байсан тул түүний хувилгаан дүрүүд нь алтан урагтай шижим холбогдсон хэрэг хэмээн монголчууд үзэж байв. Богд Жавзандамба Монгол Улсын хаанаар өргөмжлөгдсөнөөсөө хойш жил бүрийн цагаан сарын шинийн нэгний өдөр Түшээт хан Гомбодоржийн эцэг Автай сайн хааны өргөөнд Эх дагины хамт очиж, гал асаадаг байсан нь Монголын төрийн уламжлалыг хадгалж буйг харуулсан илэрхийлэл байсан болов уу. Үүнд мэдээж Алтан ургийн ноёд, төрийн томоохон түшмэлүүд нөлөө үзүүлж, Богд хаан ч төрөлхийн ухаан сэргэлэн, мэдрэмтгий хүн тул дэмжсэн хэрэг буй за.

Богдын тухайд Навааннамжил авгай өгүүлэхдээ: “Халх дахины их багш гэгдсэн Жавзандамба лам”  хэмээн дүгнэсэн нь бодит байдалтай нийцэж байсан хэрэг буй за.

1920 онд Оpос болон бусад их гүpнүүдэд хандан Монголын тусгааp тогтнолыг сэpгээхэд тусламж эpэхэд Богд хаан ихээхэн дэмжлэг өгч байв. Тиймээс Богд хаан Барон Унгерны зүгээс илэрхийлсэн туслах санааг дуртай хүлээн авсан хэрэг. Үүний үр дүнд Барон Унгерн Нийслэл Хүрээг хятадуудаас чөлөөлж, 1921 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны ширээнд нь дахин залсан билээ.

Богд хаан Зөвлөлт Орос улсаас тусламж эрсэн МАН-ын бичигт тамга дарж өгсөн билээ. Ингэхдээ тэрбээр Америк, Японоос ч тусламж эрсэн өөр бичгүүдэд тамга дарсан байсан юм. Богд хаан Монголын үндэсний бие даасан байдал, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд гадны ямар ч хүчнээс тусламж авахад бэлэн байснаа ийнхүү харуулжээ.

Богдын тухай Монголын түүх судлалд өгүүлсэн нь

1924 оны 5 дугаар сарын 20-нд Богд эзэн хаан таалал болсоны дараа 1924 оны 6 дугаар сарын 3-ны өдөр МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдээс Монголд бүгд найрамдах засаглал тогтоох тухай шийдвэр гаргажээ.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Түүх -ийн нэгэн ботьд өгүүлэхдээ: “Монголын шарын шашины толгой Жавзандамба хутагт монголчуудын эзэн хаанд өргөмжлөгдөж, шашин төрийг хослон барьсан тэргүүн болжээ” гээд “Бүгд найрамдах байгуулал тогтоох аятай шалтаг нь Богд гэгээн нас барсан явдал байв”  хэмээн бичсэнээс өөр дүгнэлт хийгээгүй байна. Уг түүх бичлэгт ерөнхийдээ Богдын засгийн газар гэх юм уу, Богд тэргүүтэй хар, шар феодалууд шунахай мөлжигч байсан гэснийг нотлох гэсэн үүднээс хийгдсэн бичлэгүүд олонтаа тохиолдоно.

Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын зохиосон Монгол Ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүхэнд өгүүлэхдээ: “Богд болбоос шашныг мандуулах амьтныг жаргуулагч цол бүхий бөгөөд халх дахинаа тахигдаж олон ардад гүнээ бишрэгдсэн ихээхэн бурхан лам хэмээх нэрийг үе улиран хүлээсэн хүн болох нь тийнхүү төрийн хэрэгт хутгалдан орж түйвээн гутамшигтай нэрийг хүлээхгүй ямагт буддын ёсны номлол суртлыг дагаж хурал номын ажлаа эрхлэн ардыг алах занчих, мөлжих ашиглах явдал үүсэх байтугай хорхой шоргоолжийг ч болов элбэрэн нигүүлсэж явбал зохих ёстой буй за. Харин ардыг туслан жаргуулах байтугай ийнхүү элдвээр гасалгаж явсан нь чухамхуу хутагт Богд хэмээгчдийн хоосон нэр хорт чанарыг баримттайгаар илрүүлжээ”  хэмээн бичжээ.

2003 онд хэвлэгдсэн Монгол Улсын түүхийн тавдугаар ботьд Богдын тухайд өгүүлэхдээ: “Монголын шарын шашины тэргүүн Наймдугаар Богд Живзандамба үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний бүр эхнээс Манж-Хятадын ноёрхлоос ангижран, Монгол улсын төрийн тусгаар тогтнолыг сэргээн мандуулах чиг шугамыг тууштай баримталж, шарын шашны тугийн дор монголчуудыг нэгтгэхийг чармайж байсан нь түүнийг улс төрийн тавцнаа товойн гарч, Монголын эзэн хаан, төрийн бэлгэ тэмдэг болон тодрох нөхцөл болжээ”  хэмээсэн бол Богдыг нас барсаны дараа болсон үйл явдлын тухайд дараах байдалтай бичсэн байна. Үүнд “Монгол оронд Бүгд Найрамдах засаглал тогтоох бэлтгэлийг эрэмбэ дараатайгаар хийж байсан үед 1924 оны 5 дугаар сарын 20-нд хэмжээт цаазат хаан Богд гэгээн таалал төгсчээ. Үүгээр ардын эрхтэй хэмжээт цаазат хаант засгийг нөхцөлдүүлж байсан хүчин зүйл үгүй болж, засаглалын эл хэлбэрийг солих үйл явцыг хурдасгав”  хэмээн дүгнэжээ.

Баабарын бичсэн “XX зууны Монгол: Нүүдэл суудал” номонд Богдын талаар өгүүлэхдээ: “энэ өдөр Хятадын Чин династийн яг 220 жил үргэлжилсэн ноёрхлыг Гадаад Монголд түлхэн унагаж Олноо өргөгдсөн Монгол улс буюу тусгаар тогтносон Монгол улсыг ёслол төгөлдөр зарлаад Богд Жавзандамба хутагтын наймдугаар дүр хэмээн олон монголчуудаар бишрүүлэн шүтүүлсэн Агваанлувсанчойжиннямданзанваанчигбалсамбуу хэмээх ер бусын урт нэртэй, 41 настай төвд эр энэ шинэ улсын эзэн хаанаар өргөмжлөгдлөө” , “Шашныг мандуулагч, олныг жаргуулагч, олноо өргөгдсөн Монгол Улсын эзэн, шашин төрийг хослон баригч, наран гэрэлт түмэн наст Богд хаан” хэмээн албан ёсоор өргөмжлөгдсөн Жавзандамбыг “монголчуудын оюуны удирдагч”  хэмээн дүгнээд “хаан ширээний төлөө түүнтэй өрсөлдөх хэн ч байсангүй” гэж өгүүлжээ.

Чингис хааны алтан ургаас Халхын дөрвөн ханы дотроос хамгийн ойр төрөл болох Түшээт хан Дашням Монгол Улсын эзэн хаан сууж болох байсан боловч түүний хэлсэн “Би бол энэ түвд гаралтай Жавзандамбыг бодвол Их Чингис богдын угсаатны хаадын дотроос ахмад нь билээ”  хэмээх үгс салхинд хийсэх төдий болж өнгөрчээ.

Хэрэв үнэхээр л Монголын ноёд Богд Жавзандамба хутагтаас илүү үндэсний хөдөлгөөнд санаачлагч, удирдагч, хэрэгжүүлэгчдийн эгнээнд байсан бол Эзэн Чингисийн угсааны ханыхаа хэлснийг дэмжиж болох байсан биз. Харин ийнхүү дэмжээгүйгээр барахгүй, Богд Жавзандамба хутагтын заасан замаар л хөтлөгдөж байсан нь Богдын нөлөө хэр байсан хийгээд уг үйл явдлыг тэрбээр өөрийнхөө санасан бодсоноор хэрэгжүүлэхийг эрмэлзэж байсаныг илтгэж буй хэмээн санамой. Ялангуяа үндэсний хувьсгалын эхний үйл явц Монголд өрнөхдөө Богд Жавзандамба хутагтын бодсоноор өрнөж, монголын ноёдын дагалдсанаар болсон байж тун болзошгүй. Харин үйл явц нэгэнт эхэлсэний дараагаар ноёдоос Монголын төрийн уламжлал, угсаагаа бодож, Богд эзэн хааны явуулж эхэлсэн бодлоготой тэрсэлдэх явдал гарч эхэлсэн болов уу хэмээн санамой.

Баабар Богдыг таалал болсон талаар өгүүлэхдээ “Зөвлөлтүүд Гадаад Монгол дахь Хятадын суверен эрхийг хүлээн зөвшөөрч Бээжинд гарын үсэг зурж байх тэр үедээ л Монголыг Бүгд Найрамдах Улс болгон тунхаглахаар нэгэнт шийдсэн байсан бололтой. Бээжинд гарын үсэг зурахаас арваад хоногийн өмнө 1924 оны 5 дугаар сарын 20-нд VIII Богд Жавзандамба хутагт Нийслэл Хүрээнээ нас барлаа. Монголыг Бүгд найрамдах улс болгох яаралтай шаардлагын үүднээс үхэв үү, ерөөсөө л тохиолдлоор яг энэ үед насан хутгийг олов уу гэдэг нь тодорхой бус”  хэмээн бичжээ.

МАХН-ын товч түүхэнд Богдын талаар өгүүлэхдээ: “Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд хэмжээгүй эрхт эзэн хаан Богд Жавзандамба хутагтаар толгойлуулсан феодалын засгийн газар байгуулагдаж Монгол улс тусгаар улс болсныг зарлажээ” гэх буюу “Ардын хувьсгал амжилттай гүнзгийрэн хөгжсөөр 1924 он болж ирэхэд феодал ангийн улс төрийн ноёрхлыг халан устгаж, ардын шинэ засаг төрийн байгууллыг тогтоон бэхжүүлж, монголын нийгэм улс төрийн байдал, ангиудын харилцаанд үндсэн өөрчлөлт гарав. Энэ нь засаг төрийн хэмжээт цаазат хэлбэрийг халж, ардын бүгд найрамдах улсыг тогтоох нөхцөл бололцоог бүрэлдүүлэв. 1924 оны тавдугаар сард Монголын хэмжээт эрхт хаан Богд Жавзандамба нас барсан нь энэ бололцоог бодит байдал болгон хувиргахад дөхмийг үзүүлэв”  хэмээснээс өөр Богдын үйл ажиллагаанд ямар нэгэн үнэлэлт өгсөн дүгнэлт хийгдээгүй байна.

1985 онд хэвлэгдсэн МАХН-ын товч түүхийн гурав дахь хэвлэлд дээрх лүгээ агаар нэгэн зүйлс бичээд харин 1921 оны 11 дүгээр сарын 1-нд баталсан “Тангаргын гэрээ” нь “хувьсгалыг эсэргүүцсэн Богд тэргүүтэй феодалуудын арга явууллагад хатуу цохилт өгч, шинэ тулгар ардын засаг төрийг бэхжүүлэхэд маш чухал ач холбогдолтой болсон юм”  хэмээн бичжээ.

Харин хэт зүүний үеийн гол төлөөлөгчдийн нэгэн болох Ө.Бадрахын 1932 онд хэвлүүлсэн “Намаас баруун бөөрөнхийчүүд лүгээ тэмцсэн амжилттай их тэмцлийн туршлага” хэмээх номонд Богдын талаар “Жавзандамба хутагтын наймдугаар дүр болбоос шашин төрийг хослон баримой хэмээх түүх бүхий учир Монголыг Хятадын мэдлээс гаргаж, автономитыг ба одоо ардын засгийг байгуулсан гавьяа буй ажгуу. Энэхүү наймдугаар дүрийн үе болбоос сүүлийн дүр мөн”  хэмээн бичсэн нь түүний тухай үнэнийг өгүүлэхээс зайлсхийж чадаагүй хэмээн үзэлтэй. Гэтэл түүнээс сүүлд бичигдсэн МАХН-ын түүх болон БНМАУ-ын түүхэнд дээр дурьдсан зохиогчийн хүлцэн зөвшөөрсний хэмжээнд ч Богдод үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй нь үзэл суртлын хэмжээнд хэр их автсаныг харуулах буй за.

Богд хааны талаар урьд нь “Богд гэгээнийг түүхийн үүднээс шинжлэн үзэхэд амьсгалаа зогсон зогстол Монголын ард түмний хамгийн заналт дайсан бөгөөд харгис этгээд байсан юм”  хэмээн эрдэмтэн Ц.Пунцагноров дүгнэж байжээ.

Монголын эрдэмтэн Ш.Сандаг бүр 1971 онд хэвлүүлсэн зохиолдоо “нэн ялангуяа 1911 онд Монголын үндэсний тусгаар тогтнолыг тунхаглаж хэмжээгүй эрхт Богд хаант феодалын Монгол улс байгуулсан явдлын ач холбогдлыг олон талаас дэнслэн үзээгүй, тэр үеийн улс төрийн зүтгэлтний үйл ажиллагааг хавтгайруулан дүгнэсэн, 1911–1919 оныг Монголын “автономит үе” гэж томьёолсон зэрэг нь уул асуудлуудыг бүдүүвчлэн хялбарчилсан буюу тойрч гарсан, үнэн бодит байдлыг бүрхэгдүүлсэн хэмээмээр байна”  гэж дүгнэсэн атал түүнээс хойш бичигдсэн нам, улсын түүх, эрдэмтэдийн бүтээлд эл асуудлыг олон талаас нь дорвитой дүгнэсэн нь өнөө хэр тийм ч элбэг бус байгааг хүлээн зөвшөөрөх нь зүй болов уу.

Эрдэмтэн Ш.Сандаг цааш өгүүлэхдээ “1911 онд Монголын “автономийг” тунхаглав гэж урьд адил үзэхгүй, харин Монголын үндэсний тусгаар тогтнол Богд хаант улсын хэлбэрээр сэргэсэн гэж шинээр үзэх нь зөвхөн нэр томьёо өөрчилсөн хэрэг огт биш, түүний цаана Монголын ард түмний үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө явуулсан эрэлхэг тэмцэл, эл тэмцлийг нь жадлан эсэргүүцсэн элдэв харгис хүчний бодлого хэрхсэн, ер нь монголын хувь заяа өгүүлж буй үеийн түүхийн тавцан дээр хэрхэн тавигдсан тухай улс төрийн учир холбогдолтой утга бий билээ”  гээд “шинжлэх ухааны үнэн магадыг олсугай гэвэл саруул ухаанаар санал солилцохоос өөр замгүй” хэмээн тэмдэглэжээ.

Эрдэмтэн Ш.Сандаг Монголын үндэсний хөдөлгөөний тухай хөндөж бичихдээ: “Манжийн колончлолын дэглэмийг эсэргүүцсэн Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөөлгөөний шууд нөлөөгөөр монголын феодалууд ч хамрагдаж улс орныг манжийн эрхшээлээс тусгаарлан тулгар төрөө сэргээн мандуулахад оролцжээ. Феодалуудын энэ хөдөлгөөнийг Жавзандамба хутагт удирджээ”  хэмээсэн нь Монголын үндэсний хөдөлгөөний удирдагч нь Богд болохыг тухайн үед зоригтой хэлсэн хэрэг буй за.

1990-ээд оны эхэн үеэр шинэ уур амьсгал орж эхэлж байх үед бичиж хэвлэгдсэн “ХХ зууны Монгол” хэмээх түүхийн зохиолд өгүүлэхдээ “Монголын тусгаар тогтнолын тэмцлийн удирдагчийн тухай ярихад VIII Богд Жавзандамбын тухай дуугүй өнгөрөх аргагүй юм. Түүний бие Ар Монголын шашины тэргүүн гэгддэг байсан боловч шарын шашиныг шүтдэг нийт монгол туургатаны номын багш хэмээн шүтэгддэг байжээ. 19 дүгээр зууны сүүл үеэс Чин гүрний “шинэ засгийн бодлого” гэгчийг Монголд хэрэгжүүлж эхэлсэн үеэс түүнийг эсэргүүцэн, хэрэв энэ арга хэмжээ хэрэгжвэл “Монголчуудын язгуурын ёс” алдагдахад хүрнэ гэж үзэж байв. Эл “язгуурын ёс” гэдэг нь хуучнаа хамгаалах гэсэн хэрэг мөн боловч түүнд Монголын аж ахуй, хэл соёл, хэв заншил, үндэсний өвөрмөц онцлог, шашин шүтлэг алдагдуулахад хүргэхгүй байх, улмаар монголын газар шороог бусдад алдахгүй байх, эцэст нь Монголын тусгаар тогтнолыг сэргээх санал агуулагдаж байсан учир нийт олны халуун дэмжлэгийг хүлээж чадсан байна. Богд гэгээний энэ байр суурьд түүний шадар сайд нар, ойр дотны монгол хүмүүс нөлөөлсөн нь ойлгомжтой”  гэж дүгнэжээ. Энэ бол Монголын түүхийн зохиолуудаас анх түрүүн Богд хаанд ийм үнэлэлт дүгнэлт өгсөн хэрэг болох болов уу хэмээн санамой.

Монголын эрдэмтэн Т.Төмөрхүлэг 1990 онд “Наймдугаар Жавзандамба хутагт ямар хүн байв”  гэсэн өгүүлэл бичиж, түүндээ “Монголын шинэ үеийн түүхэнд шашин сурталтай тэмцэнэ гэдэг нэрээр “ясаа өндөлзтөл” муучлуулсан хүний нэг нь Халхын VIII Жавзандамба хутагт билээ” гээд “тэр гэгээний тухай ном сударт бичсэн хийгээд өвгөд өтгөсийн ярьснаас үзвэл, унхиагүй мунхаг нэгэн бус сэргэлэн, хулчгар бус зоримог, хүлцэнгүй бус дураараа байжээ” хэмээжээ.

Солонгосын монголч эрдэмтэн Ли Пён Ре түүхийн ухааны докторын зэрэг горилж бичсэн “1911 онд Монголын үндэсний тусгаар тогтнолыг сэргээн тунхагласан түүхийг нэхэн шинжлэхүй” хэмээх сэдэвт диссертацидаа “нийт монголчууд бараг цөмөөрөө шүтдэг гол шашны тэргүүн Богд Жавзандамба Монголын төрийг толгойлох болсон нь Манжийн засаглалын үед харилцан сөргөлцөхөд хүрч байсан газар газрын олон монголчууд нэгэн улсын иргэн болж шүтэн бишрэх бололцоотой болсон бөгөөд түүнийг бодитой хэрэгжүүлэхэд Монголын төр гол үүрэг гүйцэтгэх ёстой байлаа”  гээд “Монголын ноёд, дээд лам нар бүр анхнаасаа улсынхаа тусгаар тогтнолыг тунхаглаж Жавзандамбыг улсын тэргүүнээр буюу шашин, төрийг хослон баригч эзэн хаанаар өргөмлөхөөр төлөвлөж түүнийгээ хэрэгжүүлэв. Өөрөөр хэлбэл түүнийг улсын хаанаар өргөмжилсөн нь санамсаргүй зүйл огтхон ч биш билээ” хэмээн дүгнэжээ.

Доктор С.Ичинноров Сайн ноён хан Намнансүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлдээ: “VIII Богдыг Монгол Улсын хаанд өргөмжилсөн нь: нэгдүгээрт, Манжийн ноёрхлыг устгаж, Монгол Улс тусгаар тогтнох асуудлыг эртнээс санаачлагчийн нэг нь Богд гэгээн байсантай. Хоёрдугаарт, Чингисийн угсааны анхдугаар Богдын 8 дахь хувилгаан дүр гэж үздэгтэй. Гуравдугаарт, Монгол туургатныг нэгтгэхэд сүжигтэн олны дунд амьд бурхан хэмээн алдаршсан Богд гэгээний нэр нөлөө их байсантай холбоотой”  хэмээн дүгнэсэн бий. Монгол Улсын Их сургуулиас зохион байгуулсан “1911 оны үндэсний хувьсгал ба Наймдугаар Богд Жавзандамба хутагт” эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан академич Ж.Болдбаатар “Монгол Улсын түүхэнд Наймдугаар Богд Живзундамба хутагтын гүйцэтгэсэн үүрэг”  гэсэн илтгэлдээ: “Богд гэгээний амьдрал, үйл ажиллагааг үечлэн авч үзсэн байна. Үүнд: 1.Хутагтын бага залуу нас, үзэл санааны төлөвшил (1870-1900)

2.Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг оройлон манлайлсан нь (1900-1911)

3.Монгол Улсын шашин, төрийг хослон баригч хэмжээгүй эрхт хаанаар өргөмжлөгдсөн нь (1911-1919)

4.Монгол Улсын хэмжээт цаазат хаанаар өргөмжлөгдсөн нь (1921-1924)” хэмээн үечилсэн байна. Тэрбээр 1911 онд Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаанаар өргөмжилсөн явдлыг тайлбарлахдаа: “Үндэсний хувьсгалын үйл хэргийг бүр эхнээсээ манлайлагчдын нэг, Монголын шарын шашны тэргүүний хувьд эл хувьсгалд ч сүсэгтэн ард олны оюун санааны удирдагчийн байр суурийнаас оролцсон, Чингисийн удмын Өндөр гэгээн Занабазарын хойт дүр учир өөрийгөө алтан урагт тооцож байсан”  гэх зэргээр тэмдэглэсэн байна.

1911 оноос VIII Богд Жавзандамба хутагт Монгол Улсын төp, шашныг хослон баpьж, 1921-1924 онд Монголын хэмжээт цаазат хаанааp өpгөмжлөгдөж байгаад 1924 оны 5 дугаар саpын 20-нд таалал төгсчээ. Богд хааныг таалал төгссөнөөс хойш 21 хоногийн хугацаанд орон даяар гашуудал зарлах үеэр тусай мэргэшсэн оточ лам нар Богд гэгээний лагшинг давсаар занданшуулж хатаагаад хуудсан алт, мөнгө сэлтээр чимэн шууж, Гандан хийдэд залсан байна.

1925 оны 4 дүгээр сарын 3-нд Ардын Засгийн газар Богдын Их шавийн засаг захиргааны бүтцийг хүчингүй болгож, бие даасан аймгийг байгуулсан байна. Мөн удалгүй МАХН-ын дөрөвдүгээр их хурлаас Богд хааны хөрөнгийг хурааж, улсын мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргасан байна.  1924 оны Статистикийн мэдээгээр 2 сая 912 520 толгой мал сүм хийдийн мэдэлд байсаны дотор Богд Жавзандамбын шууд мэдэлд 902 000 толгой мал байсан ажээ.

Богд хааны ордоноос түүний цуглуулсан номын сан гэхэд л хэдэн арван тэргээр зөөлгөсөн тухай мэдээ буй, тэрхүү номын сангийн дотор түвд, монголоор бичсэн бурханы шашины номууд элбэг байсан нь мэдээж боловч бас дэлхий нийтийн хэмжээний уран зохиол хүртэл байсан ажээ. Тухайлбал, монголч, манжич, нанхиадч нарын орчуулсан “Энх амгалангийн бодлогын бичиг”, “Хүйтэн уулын бичиг”, “Хааны бичсэн Манж Монгол үгийн толь бичиг”, “Тан улсын түүх”, “Гурван улсын судар” зэрэг гойд сонирхолтой бүтээлүүд олон байсан байна.

Түүний тухай ийнхүү гадаадын хүмүүс нилээд бичсэн нь буй боловч Монголын ард олны дунд домог болон яригдсан зүйлс байхаас бус чухам монголчуудын дотроос Богдын эгэл амьдралын талаар бичиж үлдээсэн нь баримт ховор билээ. Харин Улсын төв музейд ажиллаж байсан Дэндэв авгай өөрийн дурдатгалдаа бичихдээ: “1911 он болж, автономит Монгол тогтож, VIII Богд Жавзандамба хаан ширээнд суухад, шашин төрд туслах Сайдын яам гэдэг байгуулагдаж, би тэнд жинхэнэ бичээч боллоо. Энэ үеэс эхлэн ийш тийш илгээн явуулах бичиг, захиа, Богд эзэнд айлтгах бичгийн эхийг хүртэл зохион бичиж байв” хэмээгээд “Би хэвлэх машин дээр ажиллах болж, Лайшийн хувилгааны зохиол гэдгийг хэвлэн гаргасан. Энэ номыг хэвлэв гэж Богдоос над 20 мөнгөн төгрөг шагнасан байлаа”  гэсэн нь Богдоос доод албан тушаалтнууддаа хэрхэн хандаж ирснийг илтгэн харуулсан нэг баримт буй за.

Богд Жавзандамба хааны Монголын тусгаар тогтнолын талаар оруулсан хувь нэмрийг үнэлж дотоод, гадаадын олон эрдэмтэд бичсэн билээ. Бүр 1913 оны 12 дугаар сарын 15-нд В.Котвичид бичсэн захидалдаа Р.Бимбаев: “Богд тэргүүтэй Монголын эх орончид”  хэмээн бичиж байжээ. Мөн эрдэмтэн Ш.Нацагдорж авгай “Хэрэв Халхад залагдсан найман тооны хутагтаас анхдугаар хутагт Өндөр гэгээний нэртэй Монголын тусгаар тогтнол алдсан хэрэг холбоотой бол харин түүний хамгийн сүүлчийн залгамжлагч наймдугаар Богдын нэртэй Халхын тусгаар тогтнолыг сэргээн мандуулах тэмцэл холбогдсон байна. Гэвч Манж-Хятадаас тусгаар хэргийг гардан гүйцэтгэсэн этгээд нь үнэндээ Жавзандамба хутагт ч бус, мөн дээр хэлсэнчлэн Халхын дөрвөн хан ч бус, харин тэр үеийн Монголын нөлөөтэй хэдхэн лам, ноёд, Өвөр Монголын зарим түшмэд болно. Үүнд, тухайлбал, Түшээт хан аймгийн ван Ханддорж, Богдын шадар да лам Цэрэнчимэд, Өвөр Монголын түшмэл Хайсан зэрэг хүмүүс байв”  хэмээн бичиж, түүнийг нь эрдэмтэн Л.Жамсран авгай “бүрэн үндэстэй юм”  хэмээн баталгаажуулсан буй. Тэрбээр эл санаагаа лавшруулан цааш нь өгүүлэхдээ: “Богд Жавзандамба хутагт монголчууд Чин улсын захиргаанаас гарч, тусгаар тогтнолоо сэргээх үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд чухал үүрэг гүйцэтгэж, түүний үзэл сурталч, улс төрийн удирдагчийн байдалтай болсон нь зөвхөн түүний санаачилга зүтгэл биш. Харин Ханддорж, Цэрэнчимэд, Чагдаржав нарын зэрэг зүтгэлтэн Монголын төрийн тусгаар тогтнолыг сэргээхийн төлөө тэмцэлдээ түүний нэр хүндийг ашиглах зорилгоор өөрсөддөө татаж өргөмжилснөөр тайлбарлагдана”  хэмээн бичжээ.

Дээр нэр бүхий эрдэмтнүүдийн бичсэн нь чухамдаа Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцлийг Богд Жавзандамба бээр санаачлаагүй, удирдаагүй гэсэн санааг л батлахыг оролдсон хэмээн үзүүштэй. Энэ бол түүхэн үйл явдалд дэндүү субьектив байдлаас хандсан дүгнэлтүүд хэмээн молхи судлаач бээр үзэж буй. Манжийн эрхшээлд байсан үеийн Монголын ноёдын нөхцөл байдал хийгээд Бурханы шашины тэргүүн VIII Богд Жавзандамбын нэр хүнд, бие даасан байдал, нөлөөлөл зэргийг монголын ноёд лугаа харьцуулж үзвэл үндэсний хэмжээний хөдөлгөөнийг санаачилж, түүнийг удирдах, зохион байгуулах боломж, бололцоо Богдод л илүүтэй байсан нь тодорхой харагдана. Харин Богд ч тэрхүү боломжийг сайтар, алсын хараатай ашиглаж чадсаны дүнд Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцлийн оройд нь ямагт байж чадсан удирдагч нь болсон юм .

Богдын тухай гадаадын түүх зохиолд өгүүлсэн нь

Хабаровскийн генерал губернаторын онцгой асуудал хариуцсан түшмэл, гүн Альфред Кайзерлинг (1861-1939) өөрийн дурсамжиндаа  Хүрээнд зочилж, Богд Жавзандамба хутагт лугаа шатар нүүсэн тухай өгүүлээд Хутагтын талаар маш сонирхолтой зүйлс бичсэнийг энд оруулж байна. Тэрбээр бичихдээ: “Хүрээ бол Дорнодахин дахь бурханы шашины Амьд бурхан–Хутагтын өргөө оршин буй газар бөгөөд Түвдэд Лхас ямар үүрэгтэй байдаг, түүнтэй адил үүргийг Хүрээ Монголд хүлээж байв. Хутагтад Далай ламд үзүүлж байсан лугаа адил бурханлаг хүндлэлийг үзүүлж байв. Нас бие гүйцэнгүүт тэрбээр Бээжингийн ордонд очиж, Эзэн хаанд хүндлэл үзүүлж, тэндэхийн буддын сүмд адислагдах учиртай байв. Учир нь Бээжингийн засгийн газар нас бие гүйцсэн, бие даасан хутагтын нөлөөнөөс айж байсан тул гол төлөв Бээжингээс Хүрээ рүү буцах замдаа адис авсан хутагтууд гэнэт нас барж, түүний орыг хувилгаан дүрд нь шилжүүлдэг байв. Гэтэл энэ хутагт нь нас бие гүйцмэгц Бээжин явах ёстой байтал Бээжингийн болон эргэн тойроныхоо шахалтанд үл автан элдэв шалтаг тоочин аялалыг хойшлуулсаар байжээ. Хүрээнд тэрбээр аюул багатай байсанаас гадна энд Бээжин түүнийг шууд хорлохоос болгоомжилж байв. Тэрбээр Орост тааламжтай хандаж байсаны зэрэгцээ хэрэв Бээжинтэй харьцаа муудах аваас Орос улс түүнд тусална гэсэн найдлага тээж байв” гээд “Орос, Монголын эл найрамдлыг бэхжүүлэх үүднээс барон Корф намайг Хүрээ рүү томилсон юм” хэмээн тэмдэглэжээ. Түүнийг Хүрээ рүү явахад нь Буриадын Бандид хамба лам хэдэн лам авч явахыг санал болгосон байна. Тэд Ламын өртөө буюу наран шуудангаар Хүрээнд ирсэн байна.

Тэрбээр Хутагт лугаа уулзсан тухай тэмдэглэхдээ: “биднийг шатаар өгсөхөд хоёр талаар нь лам нар эгнэн зогссон байв. Дээд талд биднийг 18 орчим насны бадриун залуу түвд маягаар гоё хувцасласан хутагт хүлээж байв. Тэрбээр бидэнтэй итгэл төгс мэндчилээд суухыг урив. Би түүнд сүлд болон эзэн хааны нэрийн эвхмэл үсгээр чимэглэсэн Барон Корфийн хувийн мэндчилгээг гардуулав. Хутагт ариун олбогноос бүтсэн сэнтийдээ заларч, намайг эсрэг талдаа буй буйданд суулгав. Биднийг алтан царан дээр тавьсан хятад цайгаар дайлав. Бидний хооронд халуун яриа өрнөв. Энэ үеэр би хутагтад зориулан авчирсан бэлгээ задалж, түүнд гардуулахыг хүсэв. Хутагтад телефон утас онцгой таалагдсанаас гадна бас хөгжимт хайрцаг илүү таалагдав. Утасыг шууд ажиллуулж үзсэнээс гадна хөгжимт хайрцагийг асаахад хутагт ихээр хөгжив. Хутагт нэгэн богино аяыг сонсоод “морь цогиж байгаа юм шиг” хэмээн дуу алдан инээж байв. Тэрбээр өөрийн шавьдаа эл дууг монгол хэл рүү хөрвүүлэхийг тушааж, тэр дор нь дууны агуулгыг эх хэлээрээ сонсоод сэтгэл хангалуун байв” гэжээ.

Гүн Альфред Кайзерлинг маргааш нь Хутагтын хүлээн авалтад орж, түүнтэй ажил хэрэг ярилцан шатар нүүсэн тухай өгүүлэхдээ: “Би Барон Корфын даалгавраар худалдааны замаар Монгол, Орос хоорондоо ойртох хэрэгтэй талаар ярихад тэнд байсан бүгд дэмжиж байв гээд Хутагт түүнийг шатар тоглодог эсэхийг асууж, улмаар тоглохыг санал болгон тогложээ. Энэ үеэр Хутагтад мөргөлчид нэгэн нэгийнхээ араас мөлхөн ирж адис авч, Хутагт гартаа барьж байсан шатрын бодоор хүртэл адислаж байв. Энэ үед тэрбээр өчигдрийн сонссон хөгжмийн аяаа аялаж байсан нь миний гайхалыг төрүүлж байв. Ийнхүү Штраусын вальсын аянд ард түмнээ адислангаа миний ноёныг шалаж, мат тавив. Би хутагтай уулзсан уулзалтандаа сэтгэл ханан, хүлээн авалтад талархлаа илэрхийлээд гэрийн зүг явав”  хэмээн бичжээ. Эл гүнгийн дурдатгал нь Богд Жавзандамба хутагтыг хэр зэрэг бие даасан, эрх чөлөөтэй, алсын хараатай болохыг харуулахын зэрэгцээ түүнд Оростой ойртох санаа бодол нилээд эртнээс суусаныг илтгэн харуулжээ хэмээн үзэж болохоор байна. Тэрбээр шатар тоглодог байсан нь түүний оюун санааны хөгжилд ч зохих хувь нэмэр үзүүлж байсан буй за.

Америкаас ирсэн Ларсон Богдын талаар өгүүлэхдээ түүнийг “санаа сайтай” хүн хэмээн үнэлсэн буй.

Оросын Гадаад яамны мэдээлэлд үндэслэн Санкт-Петербург хотноо суугаа Францын түр хамаарагч де Панафие өөрийн улсын Гадаад хэргийн яамны сайд де Сельвт 1911 оны 12 дугаар сарын 8-нд мэдээ хүргэсэн байна. Тэрхүү мэдээнд өгүүлэхдээ: “Эдүгээ Монголыг энэ үндэстэний дээд шүтээн багш болсон Хутугт удирдаж байна”   хэмээжээ. Францын Франкфуртер цайтунг сонин 1912 оны нэгдүгээр сарын 10-ны дугаартаа “Монголд болж буй хямрал нь Хятадын (Манж гүрний. –О.Б) сүүлчийн эзэн хаад өөрсдийн улс төрийн үйл ажиллагаагаа удирдлага болгон тус орны шашины тэргүүн Хутагтад дургүйгээ нууж чадаагүйгээс үүдэлтэй юм. Хутагт л Оросуудад хандсан, тэр хүн л Төвдийн Далай лам лугаа адил Хятадын бүрэн эрхт байдалд өшөрхсөн бүлэг хүмүүсийг удирдан чиглүүлсэн”  хэмээн тэмдэглээд Богдын талаар “энэ хоёр дахь амьд Бурхан өөртөө эрэмшиж хуурмаг бодлоор сэтгэлээ зогоож байна. Хутагт нас нэлээд дээр гарсан бөгөөд нанчид сархад болон шашинд үл нийцэх ертөнцийн бусад жаргал цэнгэлд дуртай хүн”  хэмээн бичжээ.

Харин АНУ-ын E. T. WILLIAMS Богд хааны тухай бичихдээ: “Хутагт бол Далай лам, Эрдэнэ Ванчин ламын дараа гуравт орох зиндааны амьд бурхан”  хэмээгээд Түвд, Монгол, Хятадад нийтдээ 160 хутагт байдаг, Хүрээний хутагт өөрийн дор 25 000 ламтай бөгөөд нийтдээ 150 000 шавьтай гэж тэрбээр тэмдэглэсэн байна.

Богд Жибзундамба хутагт хаан сэpгээн мандуулсан Монголын төpийн тусгааp тогтнолдоо нийт монголчуудыг хамpуулахыг зоpьж байв. Иймээс Богд хааны зарлигаар Дотоод, гадаад олон монголчуудад нэгдэж, нэгэн улс гэрээ төвхнүүлэхийг уриалсан билээ. Өвөр Монголын 49 хошууны 38 нь Монгол улсад дагаар орохоо илэрхийлсэн байдаг . Энэ байдлыг Ф.Москвитин В.Котвичид 1912 оны 3 дугаар сарын 19-нд бичсэн захидалдаа дараах байдлаар тайлбарласан байна. Тэрбээр бичихдээ: “Өвөр Монголын ноёд Халхтай нэгдэхийг эрмэлзэж эхэлж байгааг та бэлхэнээ мэдэх буй за. Энэ нь тэд Хутагтаар дамжин Оросын дэмжлэгийг олох хэмээсэн тооцоогоор тайлбарлагдана. Харин манай засгийн газар зөвхөн Халхад л дэмжлэг үзүүлэхээр шийдсэн билээ. Нөгөө талаас Халхтай нэгдэхийг уриалсан Хутагтын байдал тэдэнд татгалзсан хариу өгөхөд тун хүнд байна. Үүнээс гарахын тулд Монголын асуудлаар сонинд шуугиан дэгдээх хэрэгтэй байна. Орост хүн ам цөөнтэй Халхтай харьцахаас нэгдсэн Монголтой харилцах нь дээр гэдгийг нотолсон. Бас монголчуудын хувьд хуваагдмал байснаас Хятадын протекторатын дор нэгдмэл байсан нь дээр гэх мэтээр”  хэмээн бичжээ. Цэвээн Жамсрангаас В.Котвичид 1912 оны 3 дугаар сарын 19-нд бичихдээ: “Наран гэрэлт бүх монголчуудыг нэгтгэх найдвар өвөрлөсөөр л байна”  хэмээжээ.

И.Я.Коростовец 1911 оны Монголын үндэсний хувьсгалын дараах үеийн Богдын Засгийн газрын байдлын талаар бичихдээ: “Бээжингийн явуулгаар Хүрээнд Засгийн газрын гишүүдийн дотор эргэлзэх хүмүүс буй болсон болов уу” гээд “Орос улстай тогтоосон найрамдлын төлөө Хутагт өөрөө тууштай зогсож, түүнийг манай талынхан болох Ханд ван, Намсрай, Түшээт хан, Далай ван нар дэмжиж байв”  хэмээжээ.

И.Я.Коростовец Монголд байхдаа Богд хаан лугаа хэд хэдэн удаа уулзсаны дотор хоёр удаа тухайлан уулзсан уулзалтынхаа талаар өөрийн өдрийн тэмдэглэлдээ маш тодорхой дүрслэн үлдээсэн байдаг. Тэрбээр эхний удаа 1912 оны 9 дүгээр сарын 28-нд уулзжээ. Тэрбээр бичихдээ: “Хутагт намхан дуугаар Монголын хувьд Орос улстай нөхөрсөг харилцаатай байхын чухалыг бүрэн мэдэрч буй” гээд “Монголын бие даасан байдалыг гадны халдлагаас хамгаалахад хоёр орны харилцаа чухал” гээд “тиймээс өөрийн сайд нарт таньтай хэлэлцээр хийх нөхцөлүүдийг хойш тавилгүй нухацтай авч үзэхийг үүрэг болгохоо” илэрхийлсэн байна . И.Я.Коростовец Богд хаан лугаа 1913 оны 4 дүгээр сарын 28-нд дахин уулзаж, уулзалт илэн далангүй тун нөхөрсөг байдалтай болжээ. Богд хаан түүнд “би Орос улстай нягт хамтран ажиллах хүсэлтэйгээ хэлээд, үүнийгээ ч би өөрийн үйл ажиллагаагаар харуулсан” хэмээн өгүүлээд Монголд үзүүлсэн тусламж, дэмжлэгт нь Оросын Баатар цагаан хаанд талархай буйгаа илэрхийлжээ.

Энэ уулзалтын дараа И.Я.Коростовец Богд хааны тухай тэмдэглэлдээ: “Би түүнийг эзэн хаан хэмээн дуудаж байв. Учир нь бүх монголчууд тийнхүү өргөмжилдөг юм. Тэрээр тодорхой тогтсон үзэл бодолтой, өөрийн зан төрхтэй нэгэн байв”, “Богд ард олны эрхэмлэн дээдлэл дунд байдаг ч гэсэн түүний нөлөө нэр хүнд ард түмний дунд агуу, учир нь ард түмэн түүнийг үнэхээр хувилгаан хэмээн үздэг бөгөөд үүнд л түүний хүч, бас сул тал оршиж буй”  хэмээн тэмдэглэжээ.

Өөрөөр хэлбэл И.Коростовецийн бичснээр 1912 оны Орос Монголын гэрээ байгуулахад Богд хаан шийдвэрлэх үүрэгтэй байсан бол угаасаа Оростой тогтоосон харилцаандаа үнэнч байсан болохыг тэрээр онцлон тэмдэглэсэн байна.

Оуэн Латтимор өөрийн бичсэн “Нүүдэлчид ба хувьсгалчид” номондоо: “Монголчууд 1911 онд юуг хүсэж байсан бэ гэвэл бүрэн тусгаар тогтнол болно. Манжийн эзэнт төрийн эсрэг боссоноор тэд Монгол болон Хятадыг холбож буй холбоос зохиомол гэдгийг нотлохыг оролдсон юм”  гээд 1911 онд Манжийн засгийг түлхэн унагасны дараа VIII Богд Жавзандамба хутагтыг хэрхэн өргөмжилсөн тухайд дараах зүйлсийг бичсэн буй.

“Манжийн засгийг түлхэн унагасны дараа ван гүн нарын хоорондын атаа жөтөөнөөс болоод тэдний хэнийг ч төрийн тэргүүнд дэвшүүлэх боломжгүй байлаа. Тиймээс ч энэ үүргийг улс орны шарын шашны тэргүүн Жавзандамба хутагт буюу Өргөөгийн амьд Буддад тохоосон билээ. Тэрээр төвд гаралтай учраас сурвалжит язгууртны хэнтэй ч угсаа холбоогүй байв. Тэрээр эзэн хаанд өргөмжлөгдөж, эртний овгийн уламжлалын дагуу бүгдээр хүлээн зөвшөөрсний түүхийн баталгаа болгон он тооллоо “Олноо өргөгдсөн” гэж нэрлэх болов. Лам хүний хувьд гоонь байх ёстой боловч түүнийг төрийн тэргүүнд залсны улмаас гэргийд нь мөн Улсын дара эх цол хүртээжээ. Энэхүү хоёрдмол байдал нь хэнийг ч тийм их зовоож байгаагүй бөгөөд үүнийг Медичи Попын үеийн Европтой харьцуулж болох юм”  хэмээн Оуэн Латтимор Богдын тухайд өгүүлсэн байна.

Тэрбээр “Гартаа буутай, өөрийн ч бай хүний ч бай хэдэн малтай бол монгол хүн “уул даваад” амьдарч чадах байлаа. Ядуу тарчиг ч байсан зарц боол байснаас чөлөөтэй байсан нь дээр гэж үзэж байв”  хэмээгээд “марксист зохиогчид бослогыг авч үзэхдээ малаа дагасан малчин болон газартаа уягдсан тариачин хоёрын хоорондох энэ ялгааг дутуу бодолцож ирсэн гэж би үргэлж санадаг”  гэж өөрийн бодлоо илэрхийлжээ. Энэ бол монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлийн асуудлыг авч үзэхэд үнэхээр анхаарууштай санаа болгохыг онцлон тэмдэглэж байна.

Оуэн Латтиморын зохиолд гарч буй энэ үеийн монгол судлалд шууд холбогдох нэгэн чухал асуудал монголчуудын харьцааны тухай асуудал, өөрөөр хэлбэл ар монгол өвөр монгол, барга, буриад нартайгаа хэрхэн харьцаж ирснийг анхаарсан явдал юм. Тэрбээр өгүүлэхдээ: “Монголчууд өөрснөө, түүнчлэн Богд гэгээн ч гэсэн Буриад, Өвөр монголын үндэстний үзэлтнүүд “Нармай Монгол” нэрийдлээр түүний засгийн газар, улс орныг нь хавсран нэгтгэхээс болгоомжилж байв”  гээд “Хэдэн зууны туршид буриад болон өвөр монголчуудаа өөрсдийг нь бодвол “тийм ч монгол биш”, эсвэл дор хаяж “арай өөр монгол” гэж бодож хэвшсэн Ар Монголын монголчуудын үзэл санааг тэрээр үүгээр илэрхийлсэн юм”  хэмээн бичсэнийг цаашид тун нягтлууштай. Латтимор гуай дээрхийн учрыг тайлбарлахдаа: “Манжууд Ар Монголыг эзлэн авч, өөрийн эзэнт улсад нэгтгэхдээ Өвөр Монголоор дамжин, Өвөр Монголын цэргийг ашигласан билээ. Түүнээс хойш гаднаас хэн нэг этгээд нэгтгэх тухай яриа гаргахад үргэлж болгоомжилдог болсон Ар Монголын монголчууд, бүх Монголыг нэгтгэх тухай үзэл санааг ихэд сэрэмжтэй үздэг болжээ”  гэсэн буй.

Хятадын зарим эрдэмтэд, тухайлбал Өргөдэй Тайбунгийн зохиолд ХХ зууны эхэн үеийн Монголын үндэсний хувьсгал болон түүний удирдагч Богд хааны тухайд арай аядуу өнгө аястай өгүүлсэн буй. Тэрбээр өгүүлэхдээ: “халх Монгол дахь улс төрийн хандлага өөрөөр хэлбэл Жавзандамба хутагтын үзэл сэтгэлгээний хувиралтын байдлыг хэрхэвч бодолхийлэх үгүй байж болохгүй”  хэмээн өгүүлээд “Наймдугаар дүрийн Жавзандамба хутагтын улс төрийн үзэл санаа нь 19 дүгээр зуун дуусах тэр үеэс нэгэнт бүрэлдэж байсан юм. Чин улсаас Монголын талаар баримталсан “шинэ бодлого”-ын нийгмийн нөлөө нь ихдэн ирэхүеэ Богд гэгээний улс төрийн үзэл санаа нь ч шинэ шатанд өсч байжээ”, “бид одоо цааш нэг алхам гүнзгийрүүлэн сэтгэж үзвэл, тэр үе Далай лам Монголд цагаачлаж, байсан явдал нь Жавзандамба хутагтад онцгой учир утгатай байсан билээ. Чин улсын улс төрийн доройталыг дагалдан Далай ламын нөхцөл байдал хүнд хэцүү болж буйг Жавзандамба хутагт сэрж, өөрийн гарах замаа бодолхийлэх үгүй бол шашин төр нутаг орон нь цөм зайлшгүй мөхөж дуусна гэдгийг гүнзгий ухамсарчээ”  гэсэн байна.

Гэвч эрдэмтэн Өргөдэй Тайбун Богд хааны үйл ажиллагаанд үнэлэлт өгөхөөс зайлсхийж, 1911 оны үндэсний хувьсгалын тухай өгүүлэхдээ “Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн шинэ шатанд орж, Монголын тусгаар тогтнол тунхаглагдсан нь тэдний өөрсдийнх нь түүхэн хөгжлийн шинэ үе орчин үеийн үндэстний хөдөлгөөний үр дүнгээс болсон юм. Түүний гол чиг нь Богд хаант улсын хэлбэрээр монгол төрөө сэргээх гэсэнд оршино”  гэснээр хязгаарласан байна. Энэ нь ХХ зууны эхэн үеийн Монголын түүх, Богд хааны намтар түүхэнд Хятадын эрдэмтдийн зүгээс аль болох бодитой хандах гэсэн хандлагын илрэл буй за гэж бодном.

Богдын зөвшөөрөлгүйгээр хэн ч өөр алхам хийж байгаагүй бөгөөд 1911 он гэхэд Хүрээнд ноёдын цугларах, тарах нь хүртэл Богдын адисгүйгээр болдоггүй байсаныг эх сурвалжид нэг бус тэмдэглэсэн буй. Нөгөө талаар буддын шашин хэзээ нэгэн цагт монголчуудын омог бардам занг дарахад ашиглагдаж байсан бол ХХ зууны эхээр монголчуудыг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэлд нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдэж, шарын шашины тэргүүн Богд гэгээнийг үндэсний удирдагч болгоход шууд нөлөөлөл үзүүлсэнийг онцлон тэмдэглэх нь зүй буй за.

Дүгнэлт болгох нь

1911 онд Монголчууд Манж Чин гүрнээс салж, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан явдал бол монголчуудын түүхэнд шинэ эрин үеийг нээсэн билээ. VIII Богд Жавзандамба хутагтыг хаанд өргөмжилсөн нь Монгол туурга тусгаар улс болсоны шинж тэмдэг болсон төдийгүй олон монголчуудын итгэл бишрэлийн илэрхийлэл болсон юм. Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны сэнтийд өргөмжлөөд, улсын цолыг Монгол, оны нэрийг Олнаа өргөгдсөн, Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн нэрийдэж, ХХ зууны эхээр Ази тивд Монгол улс сэргэн мандсаны шинэ түүх эхэлжээ.

Ийнхүү олон монголчуудын сэтгэлд нийцсэн амжилт олсон 1911 оны Монголын үндэсний хувьсгалыг санаачлан, зохион байгуулж, удирдсан хүн бол VIII Богд Жавзандамба хутагт бээр мөн юм. Манжийн эрхшээлд байсан үеийн Монголын ноёдын нөхцөл байдал хийгээд Бурханы шашины тэргүүн VIII Богд Жавзандамбын нэр хүнд, бие даасан байдал, нөлөөлөл зэргийг Манжийн хаанаас хараат оршиж байсан монголын ноёдын байдал лугаа харьцуулж үзвэл үндэсний хэмжээний хөдөлгөөнийг санаачилж, түүнийг удирдах, зохион байгуулах боломж, бололцоо Богд гэгээнд л илүүтэй байсан нь тодорхой харагдана. Богд Жавзандамба хутагт ч тэрхүү боломжийг сайтар, алсын хараатай ашиглаж чадсаны дүнд Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцлийн оройд нь ямагт байж чадсан удирдагч нь болсон юм.

Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул В.Ф.Люба Петербургт илгээсэн 1912 оны 1 дүгээр сарын мэдээндээ: “Хэзээ нэгэн цагт Монголын сүүлчийн жилүүдийн түүхийг бичих болбол түүхнээ хамгийн аймшиггүй ухаантан ч энэ тухай бодохыг зүрхлээгүй тийм зүйлийг хэрэгжүүлэгч VIII Богд гэгээний зоригтой, шийдвэртэй санаачилгыг талархалтайгаар тэмдэглэх болно”  хэмээн онцлон тэмдэглээд цааш өгүүлэхдээ: “Монголыг эдүгээ эрх чөлөөтэй залгуулсан энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй Хутагт мөн”  гэсэн буй. Энэ нь чухамдаа үнэнийг илэрхийлсэн хэрэг юм.

Хэрэв 1911 оноос өмнөх үед Богд Жавзандамба хутагт нь монгол үндэстний шашны дээд шүтээн болж чадсан бол 1911 оны үндэсний хувьсгалын дараа Монголчуудын шашны төдийгүй төрийн удирдагч, эзэн хаан жинхэнэ утгаараа болжээ. Тэр бол монголчуудад дахин сэргэлт өгсөн үндэсний хувьсгалын эцэг нь мөн билээ. VIII Богд Жавзандамба хутагт бол монголчуудын хувьд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн мөн бөгөөд түүний Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг тод томруунаар онцлон тэмдэглэх нь зүйд нийцнэ хэмээн үзнэ.

Богд Жавзандамба Монгол Улсын хаанаар өргөмжлөгдсөнөөсөө хойш жил бүрийн цагаан сарын шинийн нэгний өдөр Түшээт хан Гомбодоржийн эцэг Автай сайн хааны өргөөнд Эх дагины хамт очиж, гал асаадаг байсан нь Монголын төрийн уламжлалыг хадгалж буйг харуулсан илэрхийлэл байсан болов уу. Үүнд мэдээж Алтан ургийн ноёд, төрийн томоохон түшмэлүүд нөлөө үзүүлж, Богд хаан ч төрөлхийн ухаан сэргэлэн, мэдрэмтгий хүн тул дэмжсэн хэрэг буй за.

Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул В.Ф.Люба Петербургт илгээсэн 1912 оны 1 дүгээр сарын мэдээндээ: “Хэзээ нэгэн цагт Монголын сүүлчийн жилүүдийн түүхийг бичих болбол түүхнээ хамгийн аймшиггүй ухаантан ч энэ тухай бодохыг зүрхлээгүй тийм зүйлийг хэрэгжүүлэгч VIII Богд гэгээний зоригтой, шийдвэртэй санаачилгыг талархалтайгаар тэмдэглэх болно”  хэмээн онцлон тэмдэглээд цааш өгүүлэхдээ: “Монголыг эдүгээ эрх чөлөөтэй залгуулсан энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй Хутагт мөн”  гэсэн буй. Энэ нь чухамдаа үнэнийг илэрхийлсэн хэрэг юм.

Хэрэв 1911 оноос өмнөх үед Богд Жавзандамба хутагт нь монгол үндэстний шашны дээд шүтээн болж чадсан бол 1911 оны үндэсний хувьсгалын дараа Монголчуудын шашны төдийгүй төрийн удирдагч, эзэн хаан жинхэнэ утгаараа болжээ. Тэр бол монголчуудад дахин сэргэлт өгсөн үндэсний хувьсгалын эцэг нь мөн билээ.

Ийнхүү цагаагчин гахай жилийн Монголын үндэсний хувьсгал өpнөж, улмааp өвлийн дунд саpын шинийн 9 буюу 1911 оны 12 саpын 29-нд Жибзундамба хутагтыг Монгол улсын эзэн хааны шиpээнд өpгөмжлөн суулгажээ. Энэ бол Монгол төр улсаа сэргээн байгуулж, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор тунхагласан өдөр юм. Монголчуудын амьдралын сүүлийн 300 жилд тохиосон түүхэн онцгой үйл явдал лав энэ мөн гэж үзэж байна. Энэ өдөр бол эртний монголын эзэн Чингисийн байгуулсан төрийн гал голомт сэргэсэн өдөр гэж үзвэл зүйд нийцнэ гэж бодож байна. Энэхүү 1911 оны үндэсний хувьсгал өөрөө амжилтад хүрсэн нэг гол учир шалтгаан нь бүх монгол овогтон үндэсний үзлээрээ нэгдэж, нэгдмэл нэг зорилгын төлөө бурханы шашныхаа тэргүүнийг хүрээлж, түүхэн амжилтад хүрсэн билээ. Энэхүү үйл явдлаас хойш Монголд ХХ зууны турш өрнөсөн түүхийн үйл явдлууд нь 1911 онд сэргээн тунхагласан Монголын төр улсаас улбаатай болохыг энд хэлэхэд илүүц бус болов уу.

Чухамдаа түүхэн ач холбогдлоор нь авч үзвэл 1911 оны үндэсний хувьсгал нь монголын гал голомтыг сэргээн бадрааснаараа, монгол үндэстэний цаашид оршин байх үндэсийг тавьснаараа, үндэсний уламжлал, зан заншил, соёлыг бадруулах үндэс болсноороо монголчуудын амьдралд онцгой чухал байр суурь зүй ёсоор эзлэх учиртай.

Чухамдаа 100 жилийн тэртээ бидний өвөг дээдсийн хийсэн ухаалаг бодлого, шийдвэртэй алхамын хүчээр эдүгээгийн Монгол хөгжихын үндэс тавигдсан хэмээн үзэж буй билээ.

Түүхийн шинжлэх ухааны доктоор О.Батсайхан, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн

 

 

Зочин

Манайд 3 зочид онлайн

Feed Display

Сувгийн хаяг тодорхойгүй байна.
  • Гишүүд : 65
  • Мэдээлэл : 130
  • Мэдээллийг Үзсэн Тоо : 147799