www.zbu.edu.mn

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

СУДАЛГАА

И-мэйл Хэвлэх PDF

Цээж сургалт нь уламжлалт сургалтын үндсэн арга мөн

Монголын ард түмэн эрдэм номтой, ой билигтэй хүнээ “цээжтэй хүн”, “цээж сайтай” хэмээн мэргэн цэцний бэлгэдэл болгон өргөмжлөн нэрлэдэг. Монгол ухаарлаар, хүний эрдэм мэдлэг цээжинд буюу ой тойнд байдаг, сонсож мэдсэнээ цээжээр цэлмэг сайхан ярьдаг хүнийг мэргэн ардын нэгэн шинж болгодог ажээ. Цээжлэх эрдэм ухааны чадварыг “цээжний эрдэм”, “цээжний билиг”, “цээж тоо”, “цээж бичиг” гэх мэтээр нэрлэдэг. Монгол ардын зүйр цэцэн үгэнд “Цэцэн үг цээжинд, цэцэг навч ууланд”, “Номгүй бандийн цээж харанхуй”, “Хурдан морь цээж өндөр, Хурц хүн цээж саруул”, “Эдгүй хүний авдар хоосон, эрдэмгүй хүний цээж хоосон” хэмээн цэцэлжээ.

Ийм үзэл ойлголт, үнэлэмжийн үүднээс сурах хөвгүүнийг сонгох, шавийн савны багтаамжийг тогтоохдоо юмыг хэр хурдан, сайн тогтоож, тогтоосноо марталгүй удаан хадгалж буй эсэхээр нь шалгуур болгодог уламжлал байсан байна. Ном сурах боломжтой гэж үзсэн, багшийн сорилгод тэнцсэн номын шавийг сургах сургалтын бүхий л үйл ажиллагаа нь ой тогтоолтонд түшиглэсэн сургалт буюу цээжлүүлэн сургах аргад үндэслэсэн сургалтаар явагддаг байжээ. Монголчуудын аман боловсролын зүйлд ч “аман сургалт” буй нь энэхүү цээжлэх сургалт болой.

Ерөөс хүний оюун ухаан гэгч ой, сэтгэхүй хоёрын хөгжлийн үр дүн мөн. Үүнийг загварчилбал: ой+сэтгэхүй =оюун ухаан.

Чингэхдээ ойд тулгуурлан сэтгэхүй хөгжих бөгөөд сэтгэхүйн олон үйлдлүүдийг /ажиглах, харьцуулах, жиших, ангилах, хийсвэрлэх, тодорхойлох, ерөнхийлөх, оюун дүгнэлт гаргах гэх мэт/ ойд агуулагдсан хур мэдлэг, туршлага дээр үндэслэн гүйцэтгэдэг байна. Ой бол зөвхөн мэдлэг агуулах “оюуны сав, хөмрөг” төдийгүй шинэ мэдлэг мэдээллийг тасралтгүй хүлээн авах эх булаг ундарга болдог гэж хэлж болно. Аливаа эрдмийн зүйлийг сурч судлах танин мэдэхүйн анхдагч үйл нь цээжлэн тогтоохуй бол юу тогтоосныхоо утга агуулгыг урвуулан хөрвүүлж /анализ, синтез хийх/ учирзүйг нь олж ойлгох үйл явцыг сэтгэхүйн үйл буюу бясалгалын эрдэм гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл ойгоос эхтэй сэтгэхүйг хөгжүүлэх нь манай уламжлалт сургалтын нэг гол арга, онцлог юм.

Хэрвээ ойдоо юмгүй хоосон хонгио толгойг зүйрлэвэл, сүүгүй саалийн сав, тосгүй ясан чөмөгтэй адил агаад үлгэрлэвэл, дээл оёх үйлчин хүн дээлийг эсгэх, хавах, оёх арга дүйгээ хэчнээн сайн мэдэвч дээл хийх торго, бөс даавуу, зүү, утас, хайч зэрэг үйлийн багаж, эдлэл хэрэглэлгүй бол эцсийн дүнд дээл бэлэн болохгүйтэй адил ойдоо тогтоосон, цээжиндээ хадгалсан эрдэм үгүй хүн сэтгэхүйн хийсвэрлэх үйлдлүүд хийвч тэр нь /үр дүн/ хий бясалгал, хоосон санаа төдий болохоос бус жинхэнэ бодот ухамсарт мэдлэг үл болно.

1940-50-иад оноос эхлэн уламжлалт сургалтын энэхүү цээжлэн тогтоох аргыг шашны болон гэрийн сургалтын хуучин хоцрогдсон арга хэмээн халж, оронд нь багшаас номчирхон тайлбарлах, зааж зааварлах хичээлийн аргад шилжсэнээс суралцагчид номыг идэвхгүй сонсогч, багшийн хэлснийг давтагч “тоть”, өөрийн үзэл бодол ухаангүй, бусдыг аялдан дагагч, “хурууны хүүхэлдэй” мэт хөөрхийлөлтэй хүн болсноор барахгүй арав хорин жил сурсан хэрнээ бие даан сурах арга барилд сураагүй, ой ухаандаа цээжлэн тогтоосон номгүй, “юм юмны тухай боловч эцэстээ юуны ч тухай биш” дутуу сурсан эрдэмтэй, дундуур ой билигтэй  дундчуул болсон. Хүний амьдралд эрдэм сурах алтан үе болсон сургуулийн жилүүдэд сурагчийн уншсан бүх сурах бичиг, бичиж дүүргэсэн бүх дэвтрийг хэрэв авдар саванд хийвэл хэдэн арван авдар дүүрэн ном, бичиг болох ахул харин толгойд нь үлдэж цээжинд нь хоногшсон ном гэвэл ердөө тун багахан, заалгасан бүхнээ дэвтэртээ хоцроож, уншсан бүхнээ номтойгоо цуг орхисон ийм л дүр зураг харагдана.

Монголын уламжлалт гэрийн болон багш шавийн барилдлагат сургалтанд “Эрдмийн жолоо-бичиг” хэмээн үзэж, үндэсний бичгээрээ уншиж бичиж сурахыг юуны өмнө чухалчилдаг байсан учраас монгол бичгийн цагаан толгой таниулахдаа үсгийн нэр, зурлага дүрсийг хүртэл шүлэглэн цээжлүүлж, чихний сонсгол, харааны хүртэхүй, хэлний дасгалаар ой ухаанд нь хоногшуулан заадаг байжээ. Ийм заах арга төвд үсгийг заах дацангийн сургалтад ч мөн адил байв. Тухайлбал: Монгол үсгийн махбодыг бүтээх зурлагыг дүрсээр буюу нэршлээр нь цээжлүүлэхдээ Ясны яа /    /, Сарны са /    /, Хомбогор толгойтой ха /    /, хоёр цэгтэй га/    /, тариан толгойтой та, уурган да /   /гэх буюу титэмд гэзэг ургуулбал ма/  /, эвэр ургуулбал  ла /, цэг тавивал на /  /, эсвэл бүтэн үгийн аргаар гурван гэдэстэй бууз /       /, дөрвөн гэдэстэй хуушуур /      /, таван гэдэстэй боов /        / гэх зэргээр тухайн үгэнд ямар дүрс зонхилон орж байгаагаар нь заадаг ардын заах арга байв. Харин төвд үсгийг ходоодон жа /  /, хоёр гэдэстэй ча /   /, хагархай га /  /, битүү ха /   / амны ха /   /, бөгтөр да /  /, бүстэй да /  / гэх мэтээр шүлэглэн аялгуутай уншуулж тогтоолгодог тогтсон уламжлал байжээ. Үүнээс гадна үг, өгүүлбэр уншуулахдаа дуудлага, бичлэг ойролцоо богино холбоо шүлэг, хосмолжин хоршоо, хэлц хэллэг бүхий үг өгүүлбэр унших, хэлж бичихэд амархан цагаан бичиг уншуулдаг байсан нь сургалт энгийн хялбараас эхлэх зарчимд нийцтэй юм. Жишээ нь:  бичиг эрдэм, молор эрдэнэ, хони мал, дэвтэр ном гэх хоршоо, “нэг морьтой нэмгэн дээлтэй”, “хөл нэгтэй хүзүү холбоотой” гэх хэлц үг, Тоо бод. Тос ид. Мод барь. Мори уна. Бийр барьж бичиг бич гэх мэт өгүүлбэр эхлэн уншуулна.

Үсэг бичигт сургах сургалтын хэрэгсэл, хэрэглэгдэхүүн нь одоогийнх шиг олон зүйл байсангүй, зөвхөн үнсэн самбар /сашинь/, бийр янтай л хэрэглэнэ. Шавь үнсэн самбартаа багшийн хэлснийг буюу бичсэнийг даган дууриаж давтан нэгэнтээ бичих ба дараагийн үг өгүүлбэрийг бичихэд өмнөхөө арилган шинээр бичих шаардлагатай болно. Иймд түрүүчийн бичсэн үсэг үг өгүүлбэрийг нүдлэн тогтоож цээжиндээ хадгалахаас өөр аргагүй болно. Цагаан толгой үзэж дуусангуут эхлэн унших бичиг нь их төлөв ёс суртахууны чанартай сургаалын шүлэг, аман зохиолын зүйл байна. Унших үзэх ном ховор хомс нөхцөлд олдсон ганц нэг номоо ноолон уншсаар “-ийн, -уун үгүй” уншиж цээжилдэг. Шавийг эрдэмд сургахад зөвхөн үсэг бичигт сургах нь хангалтгүй, дөрвөн аргын тоо заахаас эхлээд сампинд тоо арилгах, үрийн зурхай бодох зэргээр тоо  тооцоонд сургахдаа мөн л цээж тооны аргыг хэрэглэнэ. Хэдэн арван оронтой тоог олон янзын үйлдлээр цээжээр бодохыг чухалчилна. Энэ бүхэн нь цээжлэн тогтоох сургалтын аргын гол үндэс болж байв.

Одоо бид энэхүү цээжлүүлэх аргыг хэрхэн ямар аргаар явуулдаг байсныг тодруулан өгүүлье. Цээжлэнэ гэдэг бол тогтооно гэсэн үг болохоор уншсан сонсоноо аль болох түргэн тогтоох аргыг номын багш нар эрэлхийлсний үндсэн дээр шилдэг сайн аргыг олж боловсруулсан байна.

Түргэн тогтоох уламжлалт аргын нэг бол аялгуутай дуудан унших явдал юм. Ер нь дорно дахины сургах зүйд эл аргыг их нийтлэг өргөн хэрэглэдэг. Ялангуяа дорно дахины номт гурван улс гэгдэх Монгол, Энэтхэг, Төвд зэрэг орны уламжлалт сургалтанд цагаан толгойн үсгийн нэр, дуудлагаас өгсүүлээд шавьд заах ном бүрийг цээжлүүлэхдээ аялгуутай унших аргыг өргөн хэрэглэсээр иржээ. Нэг тодорхой жишээ бол “Монголын 100 үсэг оршвой” хэмээх цагаан толгойн бүх үет үсгийг аялгуулан уншиж үе цээжлүүлдэг монгол сургалт юм. Үе уншиж цээжилсэн хүүхэд улмаар үг уншиж сурахад тун амар дөт болдог. Монгол үгэнд хамгийн элбэг тохиолддог, үе бүтээх үүрэгтэй үе болбоос энэхүү 100 үсэг хэмээх задгай үе-үсэг бөгөөд үсгийн дараалал нь хөгжмийн долоон эгшиглээс лугаа мэт тогтсон төдийгүй шүлэг мэт тагкт хэмнэлтэй, ая дан яруу сонсголдтой тул цээжлэн тогтоохд тун амархан болно. Үүнийг бид монгол үсгийн үеийн хүрд хэмээн нэрлэвэл зохилтой. Тооны хүрдийг тогтоон байж тоог цээжээр бодож сурах адил монгол үсгийн хүрдийг цээжлэн нүдлэн тогоож гэмээнэ уншиж бичиж сурна. Монгол үсгийн хүрд нь:

А,НА, БА, ХА, ГА,  ЖА, ЯА,ДА, ТА, МА,  ЦА, РА,СА, ША, ЛА

Э,НЭ, БЭ, ХЭ,ГЭ,  ЖЭ, ЕЭ, ДЭ, ТЭ, МЭ,  ЦЭ, РЭ, СЭ, ШЭ, ЛЭ... гэх мэт.

Хүний оюун ухаан эмх цэгцгүй, саланги тасархай, уялдаа холбоогүй, хэсэг бусаг, тархай бутархай мэдлэгийн зүйлийг бус, харин систем тогтолцоотой, нарийн уялдаа холбоотой,  нэгдмэл бүлэг, эмх цэгцтэй мэдлэгийн зүйлийг түргэн бөгөөд амархан хүлээн авч ойдоо хадгалдаг, тогтоож цээжилдэг. Цээжлэлт гэдэг нь цээжлэх юмны системт тогтолцоот чанараас хамаардаг байна. Энэ талаар сэтгэл зүйчдийн хийсэн соснирхолтой туршилт байдгаас энд, нэгийн зэргийг жишээлбэл: сурагчдаар 80 дан үгийг уншуулсанд 80 удаа уншаад сая нэг цээжилсэн байна. Тэгэхдээ эдгээр үгийн байр дэсийг солих, тонгоруулах, дарааллыг алдагдуулах дутагдал их байжээ. Гэтэл энэ 80 үгээр бүтсэн нэг байдаг шүлгийг найман удаа уншаад даруй цээжилжээ. Энэ бол утгын холбоогүй салангид үгсийг хооронд нь утга, хэлзүйгээр зөв холбож нөхцөлдүүлэн тодорхой нэг утга санаа илтгэсэн нэг эх болгож, түүнээ шүлгийн хэлбэрээр илэрхийлсэнээс болсон хэрэг юм.

Үг авиагаар илрэх тул үгийг хэлэх сонсоход авиа дуун гарч, аялгуу үүсэх бөгөөд үгийг сунжруулан удаанаар хэлэхэд үе үеэр зааглагдан үгэнд аялгуу чимэг нэмэгддэг. Үгийн энэхүү аялгуу чимэг нь хүний сонсох эрхтнээр дамжин ой тойнд нь ая эгшигтэйгээ хоногшдогийг багш нар өөрсдийн туршлага дээр ажиглан мэдэж аливаа тогтоох зүйлийг аялгуутай уншдаг. Шавь нар нь ч нийтээр хоолой нийлүүлэн хөгжим мэт уянгалуулан, цан мэт цангинуулан уншдаг уламжлалтай байлаа. Хэрэв хэдэн бадаг шүлгийг түргэн тогтоое гэвэл амандаа маани мэгзэм хэлэх шиг аялгуу дан гаргалгүй үглэн хэдэнтээ уншивч удаан тогтоох ахул харин тэрхүү шүлгийг аялгуутай чангаар унших юм уу эсвэл шүлгийг аяар нь аялан дуулбал амархан тогтооно. Энэ нь ая аялгуу бол үгийг түргэн тогтоох нэгэн зүйлийн сайн арга болохыг илтгэнэ.

Монгол шүлэг толгой, сүүл холбодог төдийгүй мөр мөрөнд нь үг, үеийн тоог тэгшитгэн тэнцүүлдэг, айзам хэмнэлийг жигд тохируулдаг онцлогтой тул шүлгийг урнаар унших буюу цээжлэн тогтооход хамгийн хялбар байдаг. Иймд хүүхдийн тогтоох ойг багаас нь хөгжүүлье гэвэл юуны өмнө шүлэг холбоог ихээр цээжлүүлбэл  зохино. Үргэлжилсэн үгийн зохиолыг цээжлүүлэхээс шүлэг яруу найраг цээжлэх нь хялбархан байдаг бол дууны шүлгийг аялан /дуулж/ тогтоох нь дуу болоогүй /ая зохиогоогүй/ шүлгийг уншиж тогтоохоос ч амархан байдаг жишээг амьдралаас ажиглаж болно. Монголын сонгодог бичгийн найруулгад эх бичгийн утга агуулгыг эрхэмлэхтэй нэгэн адил үг өгүүлбэрийн зохирол, найрал, ая эгшиг, хэмжээ хэмнэл, яруу сонсголонтой байдлыг гаргахад ихэд анхаардаг нь бичгийн ардын тогтсон ёс ажгуу. Тиймээс сонгодог бичгийн зохиолын хэл найруулга нь тансаг сайхан, уран яруу найруулгатай, хөгжимлөг аястай, уншиж сонсоход урамтай, ухаж ойлгоход гүнзгий утгатай байдаг билээ. Тэгээд ч манай ардын аман ярианд бичиг зохиолыг унших гэдэггүй бичиг захиа дуудах гэж хэлэлцдэг нь үүнтэй холбоотой.

Түргэн тогтоох өөр нэг арга бол ойлголт, ухагдахууныг тэмдэглэсэн үг өгүүлбэрийн утгыг бодож утгачлан тогтоох явдал юм. Үг бүхэн утгатай. Үгийн буюу хэлний утга нь ухагдахуун /ойлголт/ юмс /үзэгдэл/, тэмдэг /дохио, үсэг, зураг, дүрс/ гурвын нийлбэр бөгөөд тэдгээр нь харилцан хамааралтай. Үүнийг загварчлан үзүүлбэл:

Утга

Ухагдхуун

Юмс  Тэмдэг

Аливаа юмс үзэгдэл  хүний оюун сэтгэхүйд бууж сэрж мэдрэгдэж бодот сэтгэхүйн тусгал болох ухагдахуунаар илэрч тэрхүү ухагдахуун ба ойлголтыг тэмдэглэсэн үг өгүүлбэрийг уншиж цээжлэнэ гэдэг зөвхөн мэдрэхүйн /хараа, сонсгол зэрэг/ үйл төдийгүй сэтгэхүйн үйлдлийн шууд үр дүн мөн. Юмыг утгачлан тогтоох нь хүүхдийн ойг хөгжүүлээд зогсохгүй бас сэтгэхүйг хөгжүүлдэг болох нь тодорхой. Унших буюу цээжлэхийг утгаас салгаж үл болно. Их сурган хүмүүжүүлэгч Д.Ушинский “Уншина гэдэг бол мэднэ гэсэн үг “ гэж хэлжээ. Бид утгыг ойлгон уншихбуюу утгачлан тогтоох сургалтыг чухалчлан үзнэ.

Утгачилсан тогтоолтын эсрэгээр, утгыг барилгүй үгийг олонтоо үглэн хэлж үсэгчлэн уншсаар цээжилдэг нэгэн арга буй бөгөөд түүнийг механик тогтоолт гэдэг. Механик тогтоолт нь тогтоогчоос их хүч цаг, хөдөлмөр зарах хэрнээ бага үр дүнтэй, заримдаа ямар ч үр дүнгүй болох төдийгүй марталт ч түргэн байдаг.  Харамсалтай нь, манай хүүхдүүд механик тогтоолтоор шүлэг зохиолыг голлон цээжлэх буюу шинжлэх ухааны ойлголт, нэр томьёо, хууль дүрэм, ухагдахууныг хүртэл ухаарч ойлголгүй хийсвэр цээжилдгээс сургалт үр дүнгүй болдог. Өөрөөр хэлбэл механик тогтоолт нь сургалтын идэвхгүй аргад тооцогддог. Цээжлэх эл хоёр аргын сайн саар талыг ялгаж, утгачлан тогтоох арга барилд шавийг сургахад анхаарах хэрэгтэй. Утасны хэдэн дугаараас эхлээд олон арван бадаг шүлэг найраглал, шинжлэх ухааны ойлголт ухагдахууныг цээжлэх хэрэгцээ хэн хүнд гарах нь лав. Тэр бүхэнд утгачлан тогтоох аргыг хэрэглэвэл цаг хүч, хөдөлмөр бага зарахаас гадна тогтоолт гүн бат, марталт удаан, хэдийд ч сэргээн санах боломжтой, цээжинд нэгэнт хоногшсон байдаг.

Утгачлан тогтоох арга гэдэг нь уул тогтоох юмаа түүнтэй төсөөтэй юмуу өөрийн сайн мэдэх зүйлтэй холбон бодож цээжлэх явдал юм. Ялангуяа хийсвэр ухагдахуун, онол, томьёо зэргийг цээжлэхэд урьдын мэдлэг дээр /цээжний эрдэм/ түшиглэхийн сацуу түүнтэй ойролцоо төсөөтэй зүйлтэй холбон бодож ойлгох нь илүү тустай. Жишээ нь: Хэн нэгний хэлсэн утасны дугаарыг утгачлан ойлгох, холбон бодох дээрх аргаар цээжилбэл эхний хоёр дугаарын тоо миний төрсөн жил, дундах хоёр тоо нь арван жил төгссөн сургуулийн дугаар, харин сүүлийн хоёр тоо нь хүүхдийн минь настай таарах юм /572820/ хэмээн тоон цифрийг өөрийн сайн мэдэх зүйлтэй холбон бодож тогтооно гэсэн үг.

Хүн ой билгээ хөгжүүлж чадах юм бол ойн багтаамж хязгааргүй, маш арвин их зүйлийг ойдоо тогтоон хадгалж чадна. Гагцхүү ой билгээ хөгжүүлэх эсэх нь тухайн хүнээс өөрөөс нь хамаарах бөгөөд оюунт хүний нэг хүсэл эрмэлзэл бол ой билгээ байнга хөгжүүлж сайжруулж ихийг мэдэх хүслэн бөлгөө. Оросын их зохиолч Добролюбов нэгэн шүлэгтээ: “Ийм эрдэм чадвартай болохыг би хэчнээн их хүсэх билээ. Нэг л өдрийн дотор номын сан дахь ном бүрийг уншиж дуусгахсан. Онц сайн ой цээжтэй болохыг би хэчнээн сайн санах билээ.  Уншиж өнгөрсөн юм бүхнээ насандаа мартахгүй болохсон” гэж бичжээ. Энэчлэн сайн ой билигтээ сурсанаа мартахгүй байя гэвэл ойн дасгалын цаг ямагт байнга хийх хэрэгтэй.

Цээжлэхийн дайсан мартамхай. Мартамхайг санамхай болгох гол арга нь өмнө үзэж өнгөрснөө үе үе сэргээн санаж, дахин давтаж хичээллэх явдал юм. Цээжлэх мартах хоёр нь биеийг сүүдэр дагах мэт хамт байдаг, хүний оюуны жам ёсны үзэгдэл мөн боловч биеийг өвчнөөс урьдчилан сэргийлж урт наслахын адил оюуны марталтаас сэргийлж чадвал цээжиндээ эрдэмтэй, ухаан саруул явж болно. Хүмүүс нас ахиад ой муудлаа гэж ярьдаг нь үнэний хувьтай ч хэрэв оюуны дасгал сургуулийг байнга хийж, оюун билгээ цаг ямагт сайжруулж байвал “мартахын мананд төөрөлдөхгүй” байж болно.

Германы сэтгэцзүйн эрдэмтэн Ифенхос марталт нь цаг хугацааны хамааралтай болохыг судлаад “цээжлээд хорин минутын дараа 40 хувийг мартана. Гурван цаг бол цээжилсэн юмны хагас нь мартагдана. Үүний дараа нь мартах хурдац удааширна. 6 цагийн дараа дөрөвний гурав нь мартагдана. Үүний дараагаар мартах хурдац улам удаан болно. Марталт удах тусам цээжилсэн юм улам бат сайн болно” гэсэн сонирхолтой дүгнэлт хийжээ. Ифенхосын судалгаанаас үзэхэд, суралцах хүн тогтоон цээжилсэн зүйлээ гурван цагийн дотор /марталт хамгийн хурлдан/ сэргээн давтвал марталт мэдэгдэхүйц багасдаг болохыг мэдэж болох байна.

Хүн мэдлэгийг шууд хуулбарлан буулгах ойд тулгуурласан бодот хүртэхүйн тусламжтай тогтоон цээжлэх эсвэл хийсвэр сэтгэлгээнд үндэслэсэн сэтгэхүйн бясалгалаар сэтгэж танин мэдэх хоёр арга замтай байна. Хүний ой, сэтгэхүй хоёр нь харилцан диалектик нэгдэлтэй тул түүнийг монголчуудын гүн ухааны уламжлалт ойлголт үзэл онолоор тайлбарлавал ой нь билиг үүсэх хөрс учраас аргын тал, нөгөө  сэтгэхүй нь аргад үндэслэж хөгжих учир билэг болой. Иймд арга билэг хоёр бол ой бодрол хоёрын үр бөгөөд ой нь мэдлэг мэдээллийг хүлээн авч хадгалах улмаар шинэ мэдлэг үүсгэх бааз суурь болох бол бодрол нь үйлийн тогтолцоо оюун дүгнэлтүүдийн цогц болно. Буддын гүн ухаанд аргыг бодос, билгийг сэтгэл гэж үзэж арга билгийн хүчээр хамгийг мэдэгчийн мөрийг танин мэднэ гэсэнчлэн ой сэтгэхүй хоёрын харилцан үйлчлэлийн үр дүнд хамгийг мэдэж болохнээ.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 11-р сарын 05, Бямба гариг, 11:10
И-мэйл Хэвлэх PDF

ЛАМЫН ГЭГЭЭН ЛУВСАНДАНЗАНЖАНЦАН

Их Монголын орноо хүмүүн олны заяа буян гийж, хамаг амьтныг алгасралгүйгээр энэрэн, мунхагийн харанхуйг оюуны илдийн хүчээр таслан соёрхож, дээдийн номыг дэлгэрүүлэх чөлөө учрал бүрдэн асан тэр цагтхамаг олны буяны үрээр хойт зүгийн энэ оронд шар малгайтны шашныг хиргүй барин тэтгэж арвидуулахын тухайд оюун төгс нэгэн хөвгүүн мэндэлсэн нь хожим монголын шашны гурван зулын нэг хэмээн алдаршсан Ламын гэгээний анхдугаар дүр, монгол маарамбуудын оройн чимэг, ууган оточ, их зурхайч, соён гийгүүлэгч, Эрдэнэбандида хутагт Хамба номун хан Ханчинчойжал Лувсанданзанжанцан хэмээх эгэлгүй их хүмүүн бөлгөө.

Халхын Өндөр гэгээн Занабазарын дэргэдийн хоёр их шавийн нэг тэрбээр Закраварди их хаан хэмээн алдаршсан Их богд эзэн Чингис хааны 26-р үе Батмөнх даян хааны хүү Гэрсэнзийн угсаа Бахрай ноёны гурав дахь хөвгүүн Түмэнхэн сайн ханы хүү Номун эзний эгч Лояг эрх Чойхүр хатны хөвгүүн болон 10 буяны бэлгэ бүрдсэн Хангай ханы орчим Орхон голын эхэнд машид гарсан 11 -р жарны «согтуу» хэмээгч шороон туулай жилийн (1639) хаврын тэргүүн сарын 15-нд Өлзийт овоо гэдэг газар мэндэлжээ. Лувсанданзанжанцанг Энэтхэг төвдийн дүвчин, бандида нараас удам гаралтай гэж судар намтарт гардгаас үзэхэд Ончимдаггаавибалаас эхлээд ДүвчинЛэгцоглхүндүвийг хүртэл 17-н дүр, тэдний 18-р дүр нь Ханчинчойжал Лувсанданзанжанцан болно. Их гэгээн ой сүүдэр 4-тэй байхдаа эхийнхээ өвөр дээр суун лам нарын унших ямандаг бурхны ерөөлийг сонсож байгаад уг ерөөлийг «Намдаг ешэй шальяхандүв шог» хэмээхийн дараагийн шад нь лам нарын санаанд орохгүй давтан уншихад нь балчир хөвгүүн «Дэрни гүргэм лхүнбо зигва шин» хэмээн мартагдсан шадыг нь сануулан уншлагыг үргэлжүүлэхэд хурсан олон машид гайхан баясч, биширч байжээ. Гэгээнтэн 5 нас хүрч байхад төвдийн Дашлхүнбэ хийдээс Гачинцорж Лувсаняринпэл хэмээх лам, залран ирж хүүтэй уулзаад Банчэн богдод айлгал бичиг өргөсний хариуд нь «Энэ хүү бол Дашхүнбийн хамба, Ямандаг бурхны бүрүлба, шидэт дүвчин Лэгцоглхүндэвийн хойт дүр мөн» хэмээн тодруулан өргөмжилжээ. Гачинцорж Яринпэл, гэгээнтнийг 17 нас хүртэл нь Буддын эрдэм ухаанд боловсруулж аг тарни, анагаах ухааны олон номыг заан сургаж, увши тойн хэмээх сахилыг хүртээн, нэрийг нь Лувсанданзанжанцан гэж соёрхжээ. 1655 онд гэгээнтэн47 нас сүүдрийг зооглон ахуйдаа чухамхүү амтат балыг эрэн шунаж, цэцэгнээс цэцгэнд дамжих зөгийн адилаар ном эрдмийн амтанд шимтэж, далай их эрдмийг төгс эзэмшихээр халхын нутгаас гарч хөх нуураар дамжин цастны мэргэдийн орныг зорьжээ. Алсыг зорьсон их хөсөг олон хоног сараар явж ус голгүй нутгаар удаан аялсны учир ундны ус нэн ховордсонд гэгээнтний тааллаар урьд булаг байсан гэгдэх хуурай саарийн ойролцоо бууж их хөсөг түр ч атугай амран хүн малын нуруу тэнийн байх үед гэгээнтэн бээр Балдан лхам бурхны магтаалыгуншиж «Омчимэдцэеи чогзолма» хэмээн залбирал өргөн уянгалуулсанд өргөөний зүүн зүгт сум тусах газар лууны дуу мэт маш их чимээ нүргэлэн гарсанд шавь нар нь харахаар очиход урьдын хатсан булгийн оромноос их ус оргилон гарч байв. Шавь нар нь энэхүү риди хувилгааны хүчийг ихэд гайхан биширч гэгээнтнээс учрыг асуусанд энэ бол шашны сахиус Лхам бурхны энэрэл мөн. Лхам бурханд залбирал үйлдэх хэрэгтэй гэж айлджээ. Тэндээс Төвдийн Жачүн, Радэн, Гүнбүм, Лхасын Бодала, Дашлхүнбэ хийдүүдээр очиж, Банчин богдоос гэлэн санваарыг хүртэн 22 жилийн турш судар тарнийн ухааны 10 орныг судлан туйлд нь хүрчээ. Энэ цаг үед Монголын шашны оройн чимэг болсон мэргэд гэгдсэн Өндөр гэгээн Занабазар, Заябандида Лувсанпринлэй, Ойрдын Галдан бошогт нар буддын эрдэм ухааныг шимтэн судалж төвдийн орноо суралцаж байсан бөлгөө. Гэгээнтэн төвдөд байхад Өндөр гэгээний тусгайлан даалган захьсан ёсоор анагаах ухаан, одон зурхайн, ухааныг сайтар судалж, төвдийн оточ Гунгаажанчив, Лувсандамбадаржаа тэргүүтэй 50 гаруй мэргэдэд шавь орон суралцжээ. Бага наснаасаа тэжээхүй ухааны эрдэмд дур сонирхол байсан учир «Цогт дөрвөн үндэс»сэлт олон номыгэзэмшсэн байсан бөгөөд мэргэдийн сургасан эрдэм ухааныг онож ухаарахдаа гайхалтай сайн хэмээн магтагдаж байв. Мөн тэрээр олон даяар эмийн хаан хэмээн алдаршсан 5-р далай лам Агваанлувсанжамцад шавь орж оюун ухаанаа анагаах тэтгэхүйн баясгалангийн их хуримаар цэнгүүлэн арвитгаж, лхасын олон мэргэдийн дунд маарамбын дамжаа барьжээ. Лувсанданзанжанцангийн огторгуй мэт уужим билиг оюуныг үнэлэн эрдмийн дээд цол болох лхаржи хэмээх эрхэм дээд мяндгийг хүртээжээ. Ламын гэгээн Лувсанданзанжанцан цастны оронд 22 жилийн турш ном үзэхдээ их 5 ухааны нэг болох дотоод ухааныг эрхэмлэн судалж тэнцэшгүй мэргэн болжээ. Жүдчин Гончигжанцан Шаврун лхажирав нарын их мэргэдээс судар тарнийн тид лүн олныг сонсч барагдашгүй их увдисыг эзэмшжээ. Мөн үүний зэрэгцээ төвдийн алдартай хийдүүд болох Дашлхүнбэ Сэра, Жачүн хийдийн цам, майдархурал номын янлагт суралцсан байна. Будцын 10 орны эрдэм ухаанд өв тэгш боловсорсон хязгаарлашгүй их бэлгэ билгийн далай Лувсанданзанжанцанд Далай ламаас Ханчин чойжал хэмээх эгнэшгүй эрхэм мяндгийг хүртээжээ. Ингээд үхэр жилийн (1661) намрын адагсарын шинийн гурванд 40 морьтой дагалдагсадтайгаа Дашлхүнбээс хөлгийн жолоо залж, жанламаар дамжин бар жилийн 5-р сарын шинийн 13-нд монгол оронд залрав. Монголын анагаах ухааны хөгжлийг Ханчинчойжил Лувсанданзанжанцангүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Лувсанзанжанцан орон нутагтаа буцаж ирээд Бөөрөлжүүт хэмээх газар «Одоогийн Өвөрхангай аймгийн Уянгасумын нутаг» баржилд 1662 оны 6-рсарын 13-нд Монголын анхны манба дацан болох «Гонгандан дашгэнпэллин» хийдийг байгуулжээ. Энэ хийд нь орон цагийн байдалд зохицсон. Төвдийн Дашлхүнбэ хийд болон Сэра хийдээс өчүүхэн хольцуулсан «жаег чүн -ү» хэмээх дэгтэй байв. Энэ дацангаас олон тооны мэргэжсэн эмч домч маарамба нар төрөн гарчээ. Мөн тэнд баруун дацан зүүн дацан гүшог дацан 3-г байгуулсан байна. Монгол маарамба нарын «оройн чимэг» хэмээн алдаршсан энэ гэгээн «Анагаах ухааны язгуур үндэсний тайлбар толь» гэдэг номыг төвд хэлээр бичсэн нь монгол хүний туурвисан анагаах ухааны анхны ном байлаа. Энэ ном нь «Анагаах ухааны дөрвөн үндэс» хэмээх төвд судрын анхдугаар боть «за жүдийн» доторхи агуулга, утга санааг нэг бүрчлэн тайлбарлаж эхлэн суралцахад улам ойр дөхөм болгосноор хойшид ч манба дацангийн сургалтыг явуулахад анхлан үзэх гол сурах бичиг нь болжээ. Түүний зохиосон «Өвчний язгуурыг номлон тодорхойлсон нь» хэмээх номонд байх өвчнийг хий, шар, бадган гэдэг 3-н язгуурт ялгаж оношлох аргыг боловсруулжээ. Мөн «Өвчний ялгалыг сайтар номлож тодорхойлсон нь» номонд өвчнийг ялгаж үзэх үндсэн зарчим, аргыг тодорхойлсоноор онош тавихад гол гарын авлага болж байжээ. Энэ номонд 300-гаад төрлийй эмийг найруулах түүнд нутаг орны өвс ургамлаас авч хэрэглэх зэргийг дурьдсан байна. «Өвчний үндсийг-арилгахтуулга эмийн бүлэг» номондоо эмийг олон төрлийн халдварт өвчин, янз бүрийн хортой зүйлд хордож осолдох үед өргөн ашиглахыг заасан «Рашааны цацрал» номондоо олонтоо тохиолдох өвчнүүд түүнд үзүүлэх тусламжийн тухай товч дурджээ. Мөн биеийн тамир тэнхээг сайжруулах 20 шахам төрлийн эмийн жорыг хавсаргажээ.«Хорин тавт эмийн аймаг хэсэг» ном нь 25 найрлагатай болон бусад эм танг хийх эмийн чадлын талаар товч өгүүлсэн байна. Монголын анагаах ухааны анхны үндсийг тавьсан Ханчинчойжал Лувсанданзанжанцанг «Монголын ууган оточ» гэж зүй ёсоор хүндлэн дээдэлдэг байна. Мөн одоогийн Баянхонгор аймгийн нутагт орших 64 үндсэн өвчнийг анагаах 108 нэр төрөл рашаантай Шаргалжуутын рашаандээранхЛувсанданзанжанцан 1690-ээд оны үед хэд хэдэн удаа морилон очиж хүн ардыг эмчилэн сувилах аргад ашиглахаар анхаарч эхэлсэн түүхтэй. Мөн Ханчинчойжал Лувсанданзанжанцан 1687 онд «Зурхайн гол судар авч, огоорохыг тодотгогч гэрэл Бүтээлийн зурхай тэргүүтний гарын авлага», «Зурхайн гол харанхуйг арилгагч зул» зэрэг зохиолоо бичиж, монгол оронд одон зурхай дэлгэрэх баттай суурийг тавьсан их зурхайч билээ.

Огторгуйд орчигч одон гариг

Орчлонгийн амьтанд сайн муугаар нөлөөлмүй

Огоорч авахыг мэдүүлэхийн тулд

Оддын зурхайг бичив ээ би хэмээн од эрхсийн хөдөлгөөн хүн байгаль хэрхэн нөлөөлөх нарийн учир шалтгааныг тодорхойлон гаргаж, энэ ёсыг мэдсэнээрээ

Тэргүүлэшгүй цагаас ачит эцэг эх болсон амьтнууд

Тэсэхүйеэ бэрх орчлонгийн зовлонгоос ангижирч

Ялгууснаас сайшаагдсан сайн замыг түргэн туулаад

Хослон орж цагийн хүрдний утгыг түргэн олох болтугай хэмээн

7 гариг, гүйгч одон, барилдлага, үйлчин учрал,

шүтэн барилдлага цагийн тохиол, арван хоёр өдөр, хөлөл мэнгэ, газрын эздийн үрийг сайтар ялгасан «Үрийн зурхай сайтар номлосон бүхний хураангуй» алдарт зохиолоо туурвижээ. Ханчинчойжал Лувсанданзанжанцан судар тарни, эмнэлэг, зурхайн чиглэлээр 4 боть зохиол туурвисныг нутгийнх нь хийдэд барласан байна. Буддын соёл боловсрол төгс цогцолсон Лувсанданзанжанцанг төвдөөс монгол нутгийн зүг буцах болоход нь Банчин богдоос « Монгол оронд шашны ариун номлолыг дэлгэрүүлж нэн ялангуяа хийд орныг байгуулахад шамдах хэрэгтэй» хэмээн зарлиглаж, тэргүүндээ өмссөн бандида малгайгаа тайлан өөрийн мутраар Ламын гэгээний тэргүүнд өмсгөсөн байна. Энэ зарлигийг биелүүлж шашны үйлсэд асар их хичээл зүтгэл гаргаж зах хязгаарын харанхуй энэ оронД номын гэрэлт зулыг бадраав. Нохой жилд (1682 он) халхын Их хүрээнд залрахад, шар хар ихэс дээдэс дордос олноор шарын жагсаалаар угтаж баяр хөөр болж байв. Их хүрээнд 6-н жилийн турш гүн ухааны цанид чойрын номыг голчлон дэлгэрүүлж, зурхайн аймгийг сургасан хийгээд Занабазарын хүсэлтээр «Даег самдог хэмээх» толь бичгийг монгол хэлэнд хөрвүүлэлцжээ. Шавь нар нь Халх Донхор хувилгаан Жамбалсамбуу, Жалханз Данзанжамц, Мэргэн номун хан Равдан, Чойжав даяанчийн хувилгаан, Зая бандида тэргүүтэн олон буй. Хаан түшмэл, тайж, шар хар дээдэс, дордос олонд номын хүрдийг эргүүлж, номлол бүтээлийн рашааны хураар сэтгэлийн үндсийг нь дэвтээн цэнгүүлэв. Өндөр гэгээн Занабазар, шарын шашны эрдэмд гарамгай суралцсан ба монгол оронд шашин номыг хөгжүүлэхэд үнэлж баршгүй гавьяа байгуулсан агуу их соён гэгээрүүлэгч Лувсанданзанжанцанд 1654 онд анх бий болгосон Их хүрээний «Хамба номун хан» хэмээх тушаалын 3-р хамбаар 1688 онд өргөмжилсөн байна. Мөн 1689 онд «Эрдэнэ бандида» 1691 онд манжийн эзэн хаанаас «хутагт»Могой жилд Зая бандидын загшагаар хийдэд нь заларч, шинээр байгуулагдсан хийдэд равнай жинсрэг өргөн шавь нарт санваарын аймаг, зурхай хэрэглэгчдэд зурхайн аймаг, анагаах ухаан судлагчдад эмийн үндсэн аймаг, өгүүлэл хөтлөл эм заслын гарын авлагуудыг сургаж буддын их эрдэм боловсролыг шинэхэн саран мэт дээш нь хөгжүүлэв. Үүний зэрэгцээ халхын Пунцог ван, Лувсан тойн, Жанцан хувилгаан тэргүүтэн ноёд олонд зарлиг буулгаж, олон сүм хийдийг шинээр байгуулан, зан үйлд нь суралцуулжээ. Лувсанданжанцан 9 гэртэй жараад ламтай нүүдэллэн одоогийн Баянхонгор аймгийн Баянзүрхийн хотгор хэмээх газар заларч аграмба Чойжан, гэлэн Дашсамбуу хоёр ламаар удирдуулж, орон цагийн үед зохицуулан төвдийн Дашлхүнбэ мэтдэгтэй хийдийгбайгуулж Гүдорын сүүлд 10 шунаг цам дэглэж эхэлсэн нъ ар халх даяар нэрд гарсан алдарт Ламын гэгээний хийдийн үү^сэл, тус хийдийн цам доромын эхлэл болно. 1688 оны луу жилд бару^н зүгээс довтолсон Галдан бошогтын их цэргээс дайжиж) Дүвхэнд очиж Өндөр гэгээн Занабазартай нийлэн 100 гаруй хүмүүстэй гарч явжээ. Могой жилдХатан голоордамжин Ордбсын нутагт заларчээ. Лувсанданзанжанцан Ордосын нутагт залран ахуй үедээ хатан гэцэл Даарийдзарлиг буулгажХатан голын хөвөөнд Гонгандан [I]равр,арт^ [/I]хийдийг байгуулж 12 жилийн турш эрдэм^соёлыг түгээн дэлгэрүүлэв. Тэндээс 1699 онд -Монголд заларч а^льдралынхаа сүүлийн жилүүдэд өөрийнхөө хийдэд залран шавь нарынхаа билгийн мэлмийг нээгдүүлэн, эрдэм ухааны хязгааргүй их далайд хөтлөсөөр нас сүүдэр 66-г хүрчэй. Галдан бошогтын дайны их хөлийн үед Бөөрөлжүүтэд -анх босгосон дуганын багана нь сэлмээр цавчигдсан учраас гэгээнд 3 удаа мэс барих муу дохиол болсон гэдэг. Гэгээний-дэргэдийн сойвон нь өөртэй нь их адилхан үндэс Чойсүрэн гэдэг лам байсан бөгөөд гэгээнийг хороож өөрөө оронд нь суух гэсэн хар муу санаагаар 3 шөнө хорлохоор завдаад чадалгүй хойт шөнө нь гэгээний лагшанд мэс өргөжээ. Чингэхэд нь гэгээнтэн хоосон чанарын самадид эрхшээлийг олсон риди хувилгааны чадлаар зул болон хувирсан бөгөөд тэр сойвон нь эрээд эс олж цөхөн ядахын цагт нь өөрийн лагшандаа хувирч үзэгдээд мэсээр хорлогдохгүй болохоо үзүүлж энэрэн нигүүлсэх бодь сэтгэлээр гагцхүү түүний хүслийг биелүүлэн өөрийн биеэ өглөг болгон өргөөд номын биеийн агаарт шингэн мөнх бусын жамыг үзүүлжээ.

И-мэйл Хэвлэх PDF

Зая бандида Лувсанпэрэнлэй

Олон мэргэдийн дунд Зая бандида гэж алдаршсан шашин соёлын нэрт зүтгэлтэн Лувсанпэрэнлэйн намтар судлалд нь тулгар сурвалж болох нэгэн төвд намтрын талаар энд өгүүлэх юм. Энэ намтар зохиолын нэрийг Төвд хэлнээс орчуулвал «Зая бандида Лувсанпэрэнлэйн намтар хүслийг хангагч галбарваас мод» хэмээх бөгөөд 86 хуудас бичмэл судар байсан билээ. Миний бие энэ номыг 10-аад жилийн өмнө Гандан хийдийн лам Ж.Доржжанцан гуайгаас авч үзэж уншиж товч тэмдэглэл хийж үлдсэн юм. Зая бандида Лувсанпэрэнлэйн энэ намтар төвдийн цэгжад гэдэг шүлэглэн бичих зарчмаар зохиогдсон, дотроо 44 бүлэгтэй нилээд дэлгэрэнгүй бүрэн хэмжээний намтар юм. Уг намтрын төгсгөлийн үгэнд «Ловон ринбучи Лувсандондов», үзэмчин Чин вангийн хатан Агваансодном, Эрдэнэ мэргэн бандидаагийн гүнж Лувсанванжил нарын хүсэлтээр Заяын шавь Ганжуурваа мэргэн номун хан зохиов» гэж байна. Эл намтрыг зохиогч Ганжуурваа номун хан нь Зая бандида Лувсанпэрэнлэйн дотно шавь Ганжуурва Лувсанцүлтэм мөн бөгөөд «Ганжуурваа багш номун хан» «Ганжуурваа эрдэнэ мэргэн» гэдэг цолтой байсан гэж 1992 онд Ланжуугийн Их сургуулиас эрхлэн хэвлүүлсэн -«Цастны мэргэн лувсанцүлтэмийг төвд монгол алин болохыг тодорхой хийсэн судалгаа хараахан гараагүй байна. Ганжуурваа номун хан Зая бандида Лувсанпэрэнлэйн эл намтраа хэдэн онд бичсэн талаар тэмдэглэл бичээгүй учраас энэ намтар хэдэн онд зохиогдсон нь тодорхойгүй байна. Энэ намтарт Зая бандида Лувсанпэрэнлэйн урьд төрөл нь Энэтхэг Төвдөд хувилсан талаар товч дурдаад төрж мэндэлснээс нь таалал төгсөх хүртэл бичсэнээс үзэхэд 1715 оноос хойш зохиогдсон нь тодорхой болно. Энэ намтрыг Зая бандидын өөрийн нь зохиосон «Миний орчлонд бэдсэн ёс машид тодорхой зул» хэмээх шүлэглэсэн хураангуй намтартай харьцуулан үзэхэд нилээд ялгаатай тал байгаа юм. Ганжуурваа номун ханы зохиосон намтар нь Зая бандидааг төрж өсөөд ном эрдэмд суралцан, төвдөд очсон, Монголдоо буцаж ирээд олон аймаг хошуунд залагдан явсан, Өвөрмонгол, Бээжин, Хөх хот, Долнуур, Утайн орноор явсан болон таалал төгсөх хүртэлх он жилүүдийг маш тодорхой гаргасан байна. Харин Заяын өөрөө зохиосон намтарт Зая бандида Төвдөд 18 жил сургуульд яваад буцаж ирсэн 1680 он хүртэл гаргаад цааш нь дутуу орхисон байгаа юм. Доктор Хүрэлбаатар Зая бандидаагийн өөрөө зохиосон хураангуй намтрын талаар нарийвчлан судалгаа хийж «Огторгуйн цагаан гарди» гэдэг номондоо нийтлүүлсэн тул Ганжуурваа номун ханы намтарт гарч байгаа адил төстэй хэсгий нь давхардуулж ярилгүй 1680 оноос хойш таалал төгссөн 1715 он хүртэлх зарим Зая бандидаагийн үйл амьдралтай холбоотой гол гол зүйлийг гаргахыг зорьсон юм. Барагдах хэмээх гал барс (1686) жилд халхын Хүрэн бэлчир гэдэг газар Халх Өөлдийн найрамдлын чуулганд Гандан ширээт Лодойжамц, Өндөр гэгээн, Жанжаа хутагт нар ирж чуулганд оролцоход Зая бандида очиж оролцсон байна. 1688 оны луу жилд Халхад хямрал самуун гарахад өвөрлөгчийн нутаг руу явсан бөгөөд Хөх хотын Ачит цорж урихад хийдэд нь очсон гэжээ. 1689, 1690 онуудын Заяын намтар тасареныг тэмдэглэсэн байна. Тэндээсээ хөх хотын Ачит цоржийн хүсэлтээр чойр дацан байгуулж Ачит цорж болон бусад шавь нарт ном заасан байна. 1693 онд Түмэдийн ноёдын хүсэлтээр Түмэдэд очиж шашин номын үйлсийг дэлгэрүүлжээ. Энэ жилийн намар Өндөр гэгээний өргөө Долнуурт байхад очиж бараалхжээ. Мөн өөрийн хүрээндээ Дэмчог дацан Гүнриг дацанг шинээр нэмж 5 дацан байгуулсан байна. 1698 онд Өндөр гэгээнд бараалхаж даншиг өргөсөнд Өндөр гэгээнээс хариу даншигийг Зая бандидаад өргөсөн байна. Энэ жилийн цагаан сарыг Бээжинд өнгөрөөжээ. Энэ үед «Дээдийн номыг хүртсэний тэмдэглэл тодорхой толь» буюу сан-ег гэдэг алдарт зохиолоо бичиж эхлэсэн байна. Зуны улиралд Шар мөрөн хэмээх газарт саатан сан-ег номоо ихэвчлэн бичсэн байна. 1699 онд өөрийнхөө хүрээнд цагаан сар гаргаад Манж эзэн хааны амгаланг эрж бараалхсанд эзэн хаанаас их хүндлэл бэлэг сэлт хайрласан байна. Ганжуур ном бүтээж сүмд нэр асуухад Содном-онзод-лха-хан гэдэг нэрийг өгсөн байна. 1701 онд бие нь чилээрхсэнд Өндөр гэгээн Жанжаа хутагт нарт айлтгаж гүрэм заслыг хийлгэсэн байна. Мөн үе үе Жарантайн халуун ус, даагын рашаанд саатдаг байв. 1702 онд Сан-ег гэдэг 4 боть зохиолоо гүйцээн бичсэн байна. Хөх хот Долнуурыг дайрч буцахдаа Өндөр гэгээнд бараалхсан байна. 1704 онд Тамирын голд саатан байна. 1705 онд биеэ чилээрхэхэд Өндөр гэгээнд бараалхаж аврал асуухад Цэдүв уншуулахыг зөвлөсөн байна. 1706 оны намтар тасрав. 1707 онд эзэн хаанд бараалхаад Утайд Очиж мөргөл хийсэн байна. 1709 онд үзэмчин вангийн хүсэлтээр Дорпэрэнгийн ванг тавьжээ. 1710 онд Халх ван Равдангийн заллагаар очиж цагаан сарыг өнгөрөөв. Өндөр гэгээнд бараалхан даншиг өргөөд хүрээндээ ирж Сан-егийнхээ лүнг шавь нарт уншжээ. 1711 онд эзэн хааны амгаланг эрж очихдоо Төвдөд явах бодолтойгоо айлтгахад ихэд сайшаан дэмжсэн байна. 1713, онд Хасуйн голд модон дугана бариулж цогчэн хуруулсан байна. Өндөр гэгээнд бараалхаж Төвдөд явах тухайгаа айлтгахад нас ахиж байгаа зэрэг шалтгаанаар хориглосон байна. Согтоогч хэмээх хөхөгчин хонин жилийн хаврын тэргүүн сарын хоринд таалал төгссөн байна. Энэ нь 1715 он юм. Зая бандида Лувсанданзанжанцан нарын дотно шавь бөгөөд Монгол газар шар малгайтны шашны ёсыг тогтооход хамтран зүтгэгчийн нэг юм. Монголд сүм хийд байгуулж хуврагийн аймгийг тогтоож олон шавь нарт гэцүл гэлэн санваар өгч номын авшиг хүртээж шашин номын бүхий л үйлсийг удирдан оролцож байсан байна. Зая бандида дан ганц шашин номын ажлыг голлосонгүй төрийн чухал ажил үйлсэд ч оролцож байжээ. Халх Өөлдийн олон аймгийн чуулган болон Манж эзэн хааны багш Өндөр гэгээн Занабазар, Жанжаа хутагт нартай хамт Манжийн эзэн хаантай удаа дараа зөвлөлдөж байжээ. Өвөр Монголын олон хошуудаар уригдан залагдаж сүм хийд байгуулах ном заах зэрэг ариун үйлсийг олонтаа эрхлэж байв. Тэрээр Цаст төвдийн номын мэргэдийн дунд ном эрдмээрээ гайхагдан Сэра хийдийн цанид чойрын дацанд байхад нь Халхын Шиваа Ширээт Лувсан, Дарва бандида Совджамц нар очиж Зая бандидааг шүтэн судар тарнийн гүн ухаанд ном эрдэмтэй олон шавь нарын дотроос нь хамгийн дотно зүрхний шавь монголын томоохон хутагтуудын нэг Шиваа ширээтийн анхдугаар дүр Лувсан Шиваа билээ. Ганжуурваа номун ханы зохиосон Заяын намтар бол Зая бандидаагийн үйл амьдрал түүхийг судлахад шинжлэх ухаан, судалгааны чухал ач холбогдолтой зохиол гэж үзэж байна. Ганжуурваа номун ханы энэ намтраас хураангуйлан бичсэн «Зая бандида Лувсанпэрэнлэйн хураангуй намтар» гэсэн 19 хуудас бичмэл төвд судар байна. Энэ төвд бичмэл сударт Зая бандида Лувсанпэрэнлэйн намтрыг Ганжуурваа номун ханы бичсэнээс он цагий нь голлон түүж хураан бичээд Заяын II дүрийн хувилгаан Лувсанняндагнамжал, III дүрийн хувилгаан Лувсанжигмэддорж, IV дүрийн хувилгаан Лувсанчоглайнамжил эдгээр гурван дүрийн товч намтрыг нэмж оруулан бичсэн нь Заяын судлалд чухал хэрэглэгдэхүүн болох бизээ. Энэ хураангүй намтрын дотор нэгэн сонирхолтой мэдээ байгаа юм. Энэ нь догшин хэмээх төмөр бичин жилээс (1680) урагших намтрыг Зая бандида өөрөө зохиосон түүнээс хойш нь нэмж Эрхэм тойны зохиосон монгол тэмдэглэлд ламын зарлигаар Тунамал унзад түүний бичсэн бүдүүн тоймыг Зая бандидаад үзүүлж байсан гэдэг тэмдэглэл байгаа нь тун сонирхолтой байгаа юм. Үүнийг эрдэмтэн мэргэд тодруулан судлах буй заа. Монгол мэргэдийн номын алдар замбуулинд мандан бадрах болтугай.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 12-р сарын 24, Бямба гариг, 04:00
И-мэйл Хэвлэх PDF

Өндөр гэгээн Занабазар

Халхын анхдугаар Богд их соён гэгээрүүлэгч өндөр гэгээн Занабазар арван нэгдүгээр жарны хөхөгчин гахай жилд эцэг түшээт хан Гомбодорж, эх хатан Ханджамц хоёрын гэрт мэндэлсэн байна. Гурван насандаа урьд өмнө ном судар зааж цээжлүүлээгүй байхад өдөр бүр Жамбалцанжодыг уншиж байхад нь бүгдээрээ гайхамшигтай болсон. Дөрвөн настайдаа Жанбаалин Номун хаан дахь үргээж гэнэн санваар өгч Ишдорж (занабазар) хэмээх алдрыг олжээ. Энэ үед Азарын хар хэл, төвд хэлийг аяндаа мэдэж, зарлиг зохиолыг хайрласан ээрэг гайхамшигт элдэв зүйлд дулдуйлан Төвдөд элч илгээж Банчин Богд, тавдугаар Далай лам , зарим чойжин сахиусанд нарийвчлан айлтгулсны хариуд Жавзун Даранатын хувилгаан мөн гэсэн хариу илрүүлсэн байна. Таван настайд нь Ширээт цагаан нуур гэдэг газар ширээнд залж Монголын шашны тэргүүн богдоор өргөмжилсөн байна. Бинсаа брүлгүү Лувсанданзанжацаас лам хуврагийн сахил хүртэж Лувсандамбийжалцан гэдэг алдрыг олжээ. Төвдөд элч илгээж тавдугаар Далай ламын дотно лам Нилваа цорж Намхайсодномдагва гэдэг эрдэмтэй ламыг урин залж ёнзин багшид шүтжээ. Багш нараасаа судар тарнийн олон номлолыг сонсож, эрдэм ухаанд мэргэжсэн байна. Арван гувантайдаа Баруун хүрээг байгуулжээ. Арван тавтай Үй Занд очихоор замдаа Гүмбүм хийд. Жачун хий. Рандэн хийд, Ринчэнбраг, тансаг гандан чойнхор, Даглүн зэрэг хийдүүдээр дайрч Гандан хийдэд морилон ирэхэд нь шар жагсаалаар угтан хүндэлсэн байна. Цааш Лхас, Брайвун, Сэра хийдэд очиж улмаар тавдугаар Далай лам Агваанлувсанжамцад бараалхаж мөрөгсөн байна. Хийдүүдэд өргөл буянйг ихээр үйлдээд Дашлхүмбэ хийдэд хүрч Банчин богд Лувсанчойжижалцанд бараалхан мөргөж уулзсан байна. Тэр үед Банчин богд нас сүүдэр өндөр наян хоёр хүрсэн боловч маш их баясаж өдөр бүр бараалхахад нь зарлиг сургаалаа хайрладаг байжээ. Банчин богдоос гэцэл санваар хүртсэний гадна олон зүйлийн авшиг ном хөтлүүлж хүртсэн байна. Тэрээр төвдөд удаан сууж ном сурж судлах хүсэлтэй байгаагаа банчин богдод айлтгасанд одоо үед алс холын Монгол оронд хуврагийн аймгийг байгуулж , шашин амьтны тусыг үйлдвэл чухал хэрэгтэй байгааг анхааруулж айлдсаныг даган Төвдөд сургуульд суухаа хойшлуулж төмөр туулай ламд бараалхан олон номын эш хөтөлбөрийг хүртжээ. Гэгээнтнээс Монголд хийд бариулах талаар асууж айлтгахад тавдугаар Далай лам машид баясан зарлиг зөвлөгөө өгч Төвдийн засгийн газраас дацангийн хамба лам. Шанзав, нярав, сойвон, донир, эмч, унзад, бурхан зураач зэрэг тавиад лам нарыг томилж гэгээнд Жэвзүндамба хутагт цол жуух тамга тэмдгийг соёрхсон байна. Тэндээс эргэж Амдогинн хийд олноор дайрч халх нутагт ирэх замд нь Ламын гэгээн Лувсанданзанжалцан тосож бараалхсан байна. Тэр жилийнхээ өвөл өргөөндөө морилон иржээ. Усан луу жилд (1952) Халхын долоон хошууны ноёд Эрдэнэзуугийн ойролцоо Өндөр гэгээнийг залж, өлмий бат орших мандал өргөж, чуулган хийжээ. Энэ үеэр хувилгаан Лувсанпэрэнлэйг хүндлэн сайн ноёны хувилгаанд алдаршсаны учир шалтгаанаар “Ноён хутагт” цол хайрлажээ. Харин Зая бандида гэдэг цолыг сүүлд тавдугаар Далай лам хайрласан юм. “Ялгуулсан” хэмээх хөх морин жилд (1654) Банчин Богдын зарлигийн дагуу Хэнтий ханы ойролцоо Их хүрээ Ганданшадивлин хийдийг байгуулжээ. Өндөр гэгээн өөрийн хүрээ өргөөнөсөө холгүй орших аглаг орон хангайн “Д. Үвханэвамгачил” хэмээн алдаршсан сүмд цййн бараа бологчийнхоо хамт очиж, бясалгал даяан хийж суудаг байжээ. Тэр үед Банчин Богд наян найман настайдаа бие лагшин нь чилээрхснийг зөн мэдлээрээ болгоогоод, цөөн бараа бологчидтойгоо хөхөгчин хонин жилийн (1655) намар морилж , Дашлхүмбэ хийдэд очиж. Банчин Богдод мөргөж , бат оршил чилээ арилсан гэдэг. Ингэж Төвдөд залрахдаа рид худилгааны чадлаар долоо хонгийн дотор очсон нь үнэн болохыг намтруудад тодорхой өгүүлсэн байдаг. Гал бичин жилд эргэж өөрийнхөө хүрээнд ирсэн байна. Гэгээн нь шинээр сүм хийд байгуулахыг удирдан зөвлөж , бурхан шүтээн шинээр бүтээж, сүм хийд, аймаг, жас, сүрэг тэргүүтнийг эхлэн байгуулжээ. Хурлын уншлага, жаяг , сургууль, дэглэмийг ч олон жилийн турш нарийвчлан гаргасан байна. Зурмал бурхан “Тонвадондон” алтан шармал гурван бурхныг бүтээж, эзэн хаанд өргүүлсэнд хаан маш ихэд таалан баясаж, хариуд нь их бэлэг сэлт явуулж байжээ. Хааяа хааяа Төвдөд элч илгээж Далай лам, Банчин Богд болон Төвдийн томоохон хийдүүдэд өргөлд өргөж, хурал хуруулж, буян үйлддэг байжээ. Төвдөөс ганжуур судар тэргүүтэн олон нандин шүтээнийг залж авчирсан байна. Богд өөрөө ганжуурыг монгол хэлэнд бүрэн орчуулах таадалтай байсан боловч цаг хямарч бүтээгүй юм. Гал барс жилийн (1686) намар хүрэн бэлчирт болсон “Халхын долоон хошуу. Ойрадын их чуулган ”-д Далай ламыг төлөөлсөн Гандан ширээт, Манж эзэн хааны элч Арни-Алихан амбан тэргүүтэн ихэс ноёдын чуулганд голлон оролцсон байна. Тэр чуулганаас Зая Бандидын хийдэд залагдан дайраад өөрийнхөө хүрээнд морилжээ. Тэр үед халхын баруун урианхай, өөлдийн хооронд хямрал гарсны улмаас шороо луу жилийн эхээр Галдан Бошигт цэрэг дайчлан халхад довтлох замдаа Эрдэнэзуу хийд, хүрээ Ганданшадивлин, Өндөр гэгээний хүрээ зэрэг сүм хийд , бурхан шүтээнийг эвдэн сүйтгэсэн юм. Энэ үед Өндөр гэгээн Манж эзэн сүйтгэсэн хааны ивээлд багтахаар Ламын гэгээн Лувсанданзанжалцан тэргүүтэй зуу гаруй бараа бологсдын хамт Халхын зүүн хилийн ойролцоо ирээд, хилд суух амбанаар дамжуулан эзэн хааны сонорт айлтган мэдүүлсэнд түр хугацаагаар хамгаалалтандаа авсан байна. Цагаагчин хонин жил (1691) –ийн дөрвөн сард Өндөр гэгээн, Түшээт хан голлосон Халхын ноёд Долнуурын газарт манжийн Энх-Амгалан хаанд бараалхаж, чуулган хийж, манж эзэн хааны ивээлд багтсан байна. Манжийн эзэн хаанаас халхын ихэс лам ноёдтой уулзсан энэ газарт Халхын долоон хошууны лам нар голлсон сүи хийд хэрэгтэйг эзэн хаан зөвшөөрсний дагуу Долнуурын зүүн сүмийг байгуулан эзэн хааны зарлигаар Өндөр гэгээн нэгэн шавийг Да ламаар тушаан тавьсны хойд дүрийн хувилгаад нь Долнуурын сүмд суух Ноён цорж болжээ. Өндөр гэгээн шавь нартайгаа хурал номыг залгуулан “хэн бүхэн” гэдэг газар гурван жил хүртэл байршин суугаад нутагтаа буцжээ. Хожим сүүлээр усан нохой, усан гахай жилд Өөлдийн Цэрэндондов, Дорждамба, Гандандондов хэмээх гурван ноён халхад цэрэг хөдөлгөн довтолж, Цэцэн вангийн хатан, хүү болон лам Шива тэргүүтнийг олзлон аваачсан. Мөн сүм хийдэд хорлол хөнөөл үйлдэн Эрдэнэзуугийн хийдэд ирэхэд чулуун арслан нь хүрхэрсэн бөгөөд цэргийн жанжин нь зуу бурханы алтан нигуурыг сэлмээр далайхад Гомбо гүр сахиус хилэгнэсэн төдийгөөр тэр жанжин цусаар бөөлжиж үхсэнд цэргүүд нь айцгааж, жанжныхаа хүүрийг моринд ачаад хойд зүг рүү буруулан Орхон голыг гатлах үед гол үерлэж, олон цэргүүд үхэцгээсэн байна. Тэр үед халхаас Данзандорж ван хоёр гурван мянган цэрэгтэй байлдхж, Өөлдийн цэргийг сарниан дарсанд эзэн хаанаас түүнд хошой чин вангийн хэргэм зэрэг хайрласан зэрэг нь Эрдэнэзуугийн түүхэнд байдаг болой. Эртний шүтээн Эрдэнэзууг цэргийн аюул гурав дахин ирэхэд нэг их гэмтэлгүй гарна гэж түүхэнд байдгийг хиргис хийгээд Галдан Бошигт, жаал Цэрэндондов гурвын цэрэг мөн болов уу гэж саналаа. Өмнө өгүүлсэн цагаагчин хонин жилээс хойш олон дахин , зарим жилүүдэд цагаан сараар манжийн Энх-Амгалан хааны амар мэндийг айлтгасан эзэн хаанд бараалхаж Бээжинд очдог байжээ. Хөх нохой жил (1694) Их хүрээнд дайн самуун дэгдэхийн үед гэмтсэн язгуурын таван бурхан, найман суварга зэрэг их бага олон шүтээнийг засан сэлбэж аравнай өргөсөн бөгөөд ламын гэгээн Лувсанданзанжалцан хүрээний олон шавь нарт гэцэл, гэлэн сахил хүртээсэнд өндөр гэгээн таалан баясаж. “Хамба номун хан” цол өгч, тэрнээс хойш ламын гэгээн нь “Ханчинчойжал” хэмээн алдаршжээ. Цагаагчин могой жил (1701) Эрдэнэзууд очиж эвдэрсэн сүм дуган, бурхан шүтээнийг сэтгээн засварлаж аравнай өргөсөн байна. Манж эзэн хаан өндөр гэгээнийг олон дахин сорьж туршиж байсан боловч, түүний эрдэм чадлыг бишрэн хүндэтгэж Жэвзүндамба хутагтаас илүү айлдаж байжээ. Урьд өмнө хүрээ рэбогэжээ Ганданшадивлин хийд дайн самууны хөлд нэрвэгдэж гэмтсэн зэрэг шалтгаанаар тавдугаар Далай ламаас өөр газарт нүүлгэхийг айлдсаны дагуу тал нохой жилд (1706) Их хүрээг “Цэцэрлэгийн эрдэнэ толгой” хэмээх газарт зөөж, шинээр байгуулж хурлын уншлага, ая дан, хөгжим, балин тахил бэлтгэх ёс 5 журам ламрим, ложин, жидрэм, зогрим, эм, зурхай, урлах ухаан тэргүүтнийг нарийвчлан сургаж зааж байсан байна. Усан барс жил (1722) манжийн Энх-Амгалан хаан таалал төгссөний хойдын буян ерөөлийг үйлдүүлэхээр манжийн Найралттөд хааны заллагаар Бээжинд морилжээ. Усан туулай жилийн цагаан сарыг Бээжинд өнгөрөөж хаврын тэргүүн сарын арван дөрвөнд наян есөн насандаа таалал төнсжээ. Өндөр гэгээн нь олон дээд төрөлхтний сайн номлол байсаар байхад нь над адил нь шинээр ном зохиохын хэрэг байхгүй гээд ном олныг бичих таалалгүы байсан бөгөөд түүний зохиол ном нь жижиг нэг боть төдий байна гэж Зая Бандида айлдсан байна. Түүний дотны шавь Зая Бандида Лувсанпэрэнлэй намтраа хэлж өгөхийг өндөр гэгээнээс дахин дахин айлтгаж , арван хоёр жилийн туршид хүсэхэд соёрхож зөвшөөрөөгүй байна. Харин заримдаа наргиан болгож надад мэргэдийг баясгаад байх намтар байхгүй. Боов идсэнээ хэлэхгүй люм бол өөр юм байхгүй гэж айлдаж байсан байна. Үүнээс үзэхэд эрдэм ухаан, чадлаа ил гаргалгүй дотроо нууж эгэл жирийн даруу байдлыг эрхэмлэдэг байжээ.

Зохиолуудын ерөнхий тойм

Өндөр гэгээн Занбазар “Сүнтор”-ын гарчигаас харахад элдэв зүйлийн мөргөл залбирал, ерөөл зан үйлийн чиглэл голлосон зуун хориод нэр төрлийн ном зохиосон байна. Үүнийг Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны номгоны дарь эх ламтан Агваанчүлтэмжамцын бичсэн Өндөр гэгээний “Сүнтор”-ын гарчгийг баримтлан хэлж байна. Боржигоны баруун чойрын гэвш лам иштавхай 1961 онд шинэ делид хэвлүүлсэн монголын зарим хутагт , хувилгаад эрдэмтэн лам нарын намтар, сүмбүмийн гарчиг “Дурдлыг сэргээгч толь” хэмээх номонд Өндөр гэгээний товч намтар болон цөөн тооны зохиолуудын гарчгийг хэвлэсэн байдаг. Өндөр гэгээний зохиолуудыг харахад ихэвчлэн шашны дотоод зан үйлд зориулсан бясалгал, уншлага, залбирал, мөргөлийн чиглэлээр олон жижиг ном зохиосон байна. Ламын гэгээн Лувсанданзанжалцан, Зая Бандида Лувсанпэрэнлэй нарын бат орших залбирлуудаас гадна Жалханз хутагт Лувсанданзанжамц, Шива ширээт Лувсан нарын айлтгасан залбирлууд, мөн Ганжуур, Данжуур, Жадамба, Сундуй, Банзрагч. Ламримчим зэрэг судар номыг хэвлэхэд зориулж хийсэн тэмдэглэлүүд , мөн Гомбо, Чойжал, Намсрай зэрэг бурхдад зориулсан Чайбүл зэрэг номуудыг дурдаж болно. Монголын ард түмний дунд үлэмж дэлгэрч, ихэд алдаршсан гол зохиол нь соёмбо үсэг, Жинлавцогзол, Маанийн дүвтавсамбу зэрэг зохиолууд юм.

И-мэйл Хэвлэх PDF

"Бурханы шашныг дэлгэрүүлэхэд Монголчуудын оруулсан хувь нэмэр"

 

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн захирал, доктор, профессор, Гавж Ш. Сонинбаяр нь  “Өндөр гэгээн Занабазарын Монголын шашин соёлд оруулсан үүтгэл” сэдвээр шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнд 1999 онд докторын зэрэг хамгаалсан. Монголын түүхч, гүн ухаантан Зава Дамдины намтарын орчуулга зэрэг монголын номын мэргэдийн судалгааны бүтээлүүдтэй.

Монгол оронд бурханы шашин дэлгэрч байсан тухай түүхийн зохиолуудыг Дээд Монголын Сүмбэ хамба Ишбалжир, Баруун Түмэдийн Цэмбэл гүүш, Баарин хошууны Дармадала, Халхын Зава Дамдин гавж нарын зэрэг эрдэмтэн мэргэд “Хорчойнжүн” нэрийн дор төвд хэлээр туурвиж байсан юм.

1931 онд зохиосон Зава Дамдин гавжийн “Хорчойнжүн” нь төвд хэлээр байгаа бусад түүхэн сурвалж бичгүүдээс ихээхэн ялгаатай байгаа юм.Зава Дамдин гавж энэхүү “Хорчойнжүн” зохиолдоо Монголд бурхны шашин дэлгэрсэн түүхийг 3 үе болгон авч үзжээ.Бурхны шашин дэлгэрсэн 1-р үеийн дэлгэрэлтийг Энэтхэгээс Ли Хотан, Дорнод Туркестанаар дамжин Монгол оронд шашин дэлгэрсэн үе гэж үзжээ.2-р үеийн дэлгэрэлт нь Чингэс хаанаас Тогоонтөмөр хааныг хүртэлх их хаадууд Төвдийн Сажийн ёс, Гармавын ёсны ихэс лам нарыг урин залж шашин дэлгэрүүлж байсан үе юм.3-р үеийн дэлгэрэлт нь Монголын “Алтан хаан” 3-р Далай лам Содномжамцыг Монголд урин залж Богд Зонхавын шар малгайтны ёсны шашныг дэлгэрүүлж байсан үе юм.

Монгол нутагт оршин тогтнож байсан эртний Хүннү, Нирун, Уйгурын үед Бурханы шашин дэлгэрч байсныг түрүү үеийн дэлгэрэлт гэж гаргаж тавьсан нь Монголын шашны түүх бичлэгт гарсан шинэлэг зүйл төдийгүй Монголын шашин соёлын түүхийг урагшлуулсан юм. V зууны үеийн Хятадын Фасян хуушаан, VII зууны үеийн Хятадын Тансан лам нарын Энэтхэгт зорчсон замын бичгээс иш татаж, эрт дээр үед монгол оронд бурхны шашин дэлгэрч байсан тухай бичсэн юм. VIII зууны үед Монголд оршиж байсан Уйгурын хаант улсын нийслэл “Хар балгаснаас холгүй Орхон голын хөндийд Бурхан багшийн хөрөг дүрийг залсан шүтээн сүм байгуулсан нь Одоогийн “Эрдэнэ зуу” хийдийн үүсэл гэж үзсэн байна. Эрдэнэ зуугийн талаар Зава Дамдин гавж ажиглалт, судалгаа хийхдээ түүхийн зарим сурвалж бичгүүдэд Хөх хотын зуугаас үлгэр авч Эрдэнэ зууг байгуулсан гэдэгт эргэлзэж Хөх хотын зуу, Эрдэнэзуу хийдийг сайтар судалсны үндсэн дээр Алтан хааны байгуулсан Хөх хотын зуугаас Эрдэнэзуу нь их эрт цагт үүссэнийг тогтоосон байна. Уйгурын хаан Богочирын үүсгэн байгуулсан Эрдэнэзуутай нэгэн үед Уйгурын хааны хатан Бивлэг Сэлэнгэ мөрний хөвөөнд зуу шүтээн байгуулж байсны туурь нь одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт байгаа юм.

Зава Дамдин гавж эрт цагт Энэтхэгээс шашин дэлгэрүүлж байсны жишээ баримт болгож Монгол хэлэнд уусаж шингэсэн санскрит хэлний олон үг байгааг тэмдэглэсэн байна. Судар шаштир зэрэг санскрит хэлний үг нь Монгол хэлэнд уусан шингэж одоо ч хэрэглэгдсээр байна. Зава Дамдин гавж “Хорчойнжүн” зохиолдоо Бурханы шашин Хятад, Төвдөд дэлгэрэхээс өмнө Монголд дэлгэрч байсан баримтуудыг дурьдсан юм.

II үеийн дэлгэрэлтийн үед Хубилай сэцэн хаан Төвдийн Сажын ёсны их лам Пагва лам Лодой-жалцанг урин залж шашин дэлгэрүүлж байжээ. Номт хаан Хубилай сэцэн нь Пагва ламаас Сажын ёсны Ядам бурхан Хэважрын авшиг хүртсэн байна. Хубилай сэцэн хаан нь хос ёсны номлолоор шашин төрийг барьж байв. Энэ нь Монголын номт хаадын шашин төрийн бодлого болон хөгжсөн байна. III-зууны үеийн дэлгэрэлтэд хамаарах зүйлээс тодруулж яръя. XVI-р зууны үеийн Монголын эрдэмтэн Гунгаа-Одсэр тэргүүтэй гүүш лозова нар Бурхан багшийн айлдвар зарлиг Ганжуур судрыг Монгол хэлнээ бүрэн орчуулж хэвлэсэн байна. Бурхан багшийн зарлиг “Ганжуур”-ыг орчуулсан нь Бурханы шашныг хөгжүүлэхэд оруулсан билэг оюун төгс монголын эрдэмтэдийн гавъяа гэж үзэлтэй.

Өвөрмонголд шашин дэлгэрүүлсэн Нэйж тойн богд Урадын мэргэн гэгээн Лувсандамбийжанцан нар хурал номын уншлагын зан үйлийг монгол хэлээр явуулж байсан нь Монголын буддизмын нэгэн онцлог юм. Монгол оронд Бурханы шашныг дэлгэрүүлэхэд Ойрдын Зая бандида Намхайжамц, Нэйж тойн богд, Өндөр гэгээн Занабазар, Буриадын зая хамба Дамбадаржаа Баруун нарын эрдэмтэн мэргэд Монгол, ӨвөрМонгол, Халх буриадад шашиныг машид дэлгэрүүлж байжээ. Ялангуяа халхад Бурханы шашныг дэлгэрүүлэхэд Монголын анхдугаар Богд Жэвзүндамба хутагт Занабазар тэргүүтэй найман богдууд ихээхэн хүчин чармайлт гаргасан юм. 1654 онд Их хүрээний суурь тавигдаж удаа дараагийн Жэвзүндамба хутагтууд хөгжүүлж өргөтгсөөр XIX зууны үед Монголын шашин соёл боловсролын төв Да хүрээ болж чадсан юм. Да хүрээнд гүн ухааны 3 дацан, тарнийн гүн ухааны Жүд дацан, Зурхайн дацан, Манба дацан зэрэг төрөлжсөн 12 дацантай 10,000 гаруй лам нартай томоохон хийдболсон юм. Монголын ахндугаар богд Жэвзүндамба, Ламын гэгээн Лувсанданзанжанцан, Заяа бандида Лувсанпэрэнлэй нар нь төвдийн Дашлхүмбэ хийдийн хурал номын уншлагын зан үйлийг Монгол газар дэлгэрүүлэхдээ 3-н дэг сургууль гаргасан байна. Энэ нь Монголын номт хаадын шашин төрийн бодлого болон хөгжсөн байна.

Гандантэгчэнлин хийдийн Хамба лам номч мэргэн гавж Гомбожавын судалгаанаас үзэхэд их бага 5 ухааны чиглэлээр төвд хэлээр ном зохиол туурвисан 200 гаруй лам нар байгаа юм. Эрдэмтэн, доктор профессор Л. Хүрэлбаатар, зурхайч ШУ-ны доктор Л.Тэрбиш зэрэг эрдэмтдийн судалгаанаас үзэхэд төвд хэлээр ном зохиол туурвисан лам хувраг, эрдэмтэн мэргэд 300 орчим болж байна. Цахар гэвш Лувсанчүлтэмийн 1791 онд төвд хэлээр зохиосон Богд Зонхавын намтар < Дэлэг гүнжүн> хэмээх ном нь Монгол төвдийн номын мэргэдийн дунд ихээхэн алдаршсан юм. Их хүрээний цорж Агваанбалдан (1797-1864) Төвдөд байхдаа Богд Зонхавын айлдсан Ламрим чинмо (Их Бодь мөрийн зэрэг) номын бар судрын алдаа мадгийг олж зассанд Төвдийн их эрдэмтэн Жабрал Лувсаннамжил: Монголын гэвш Агваанбалдан нь бурхны шашинд ихээхэн хувь нэмэр орууллаа гэж дүгнэсэн юм. Монголын V.VI Богд Живзүндамбын ёнзин Бари Дамцагдорж (1781-1855) Төвд хэлээр судар тарнийн 24 боть ном туурвижээ. Түүний зохиолуудын дотроос <Янсан чойгор> номыг одоо хүртэл төвдийн Сэра жи дацангийн сургалтанд мөрдлөг болгосоор байна. Бари Дамцагдоржийн шавь Лувсандорж гавжийн бичсэн Судар тарнийн гүн ухаан голлосон сүнбүм зохиолуудын дотроос <Ламрим тажод> <Агрим тажод> хэмээх ном нь Монголын номын мэргэдийн дунд ихэд алдаршсаны дээр Төвдийн Гандан тивийн хувилгаан Иштүвдэнжамц сайшаан үнэлж байсан баримт байна. Энэ мэт Монголын номын мэргэдийн гүн ухааны зарим зохиолуудыг Энэтхэг, Төвдийн номын мэргэд, ихэс дээдэс лам нар сайшаан үнэлж байсан баримт цөөнгүй бий. Монголын мэргэдийн зохиосон судар тарнийн гүн ухааны зарим номууд нь Төвдөд нилээн алдаршсан байдаг. Өндөр гэгээн Занабазарын шавь Чин сүжигт номун хан Норовшийравын тарнийн гүн ухааны “Дүвтавринжүнгийн лхантав” хэмээх 3 боть ном нь Монгол, Төвдийн ван жанан хайрладаг дээдэс лам нарын гарын авлага болсоор байна.

Их хүрээний гүн ухааны 3 дацангийн сургалтын тогтолцоо нь Төвдийн Брайбун, Гандан, Сэра хийдүүдийн уламжлалын дагуу хөгжихдөө Анги Шагдар, сайн ханы Юндэндорж гавж, Өөлд Содов зэрэг шалгарсан гүн ухаантнуудыг төрүүлсэн билээ. XIII Далай лам Түвдэнжамц их хүрээнд 1904 онд морилж байхдаа анги Шагдарын гүн ухааны мэдлэг авъяас билгийг магтан сайшааж байжээ. Монголчуудын туурвисан гүн ухааны бүтээлүүдээс гадна зурхай, анагаах ухаан, дуун ухаан, зохист аялгуу зэрэг бага ухаануудын талаарх бүтээл нь Монгол, Төвдөд ихэд алдаршиж байсан байна. Жишээлбэл: XIX зууны гүн ухаантан, зурхайч Агваангэндэнгийн зохиосон зурхайн хүснэгт “Чүмэглүцо” хэмээх зохиол нь ихэд алдартай юм. XIX зууны үеийн оточ Манрамба Лүнрэгдандарын анагаах ухааны бүтээлүүдийн дотроос “Жүшийн тажод” хэмээх номоо чойрын гүн ухааны нарийвчлан шинжлэх аргаар зохиосон нь шинэлэг зүйл болсон юм.

XIX- зууны үеийн их хүрээний Лувсандаш гавж, Бизъяагийн их лам гэж алдаршсан Дамдинсүрэн нарын бичсэн дуун ухааны “Янжиндоны тайлбар” нь Монголын номын мэргэдийн дунд алдаршсан юм. XIX зууны үеийн Монголын их зохист аялгууч Жамъянгаравын “Зохист аялгууны онолын тайлбар” “Цамби даян” хэмээх ном нь Энэтхэг Төвд Монголын эрдэмтдийн бичсэн зохист аялгууны онолын тайлбаруудаас ихээхэн ялгаатай байна. Жамьянгарав Энэтхэгийн яруу найргийн онолд хийсэн тайлбараа чойрын гүн ухааны үүднээс задлан шинжилж бичсэн нь урьд өмнө нь гараагүй ном болсон юм.

XX – зууны эхэн үеийн гүн ухаантан Юндэндорж гавж Хүрээ марал хэмээх газарт буддын гүн ухааныг судлах дацан сургуулийг 1920 –иод оны орчим байгуулсан юм. Энэ Хүрээ маралын гүн ухааны сургуулийн сургалт нь Төвдийн гүн ухаантан Банчин Чоглхаосор, гүн ухаантан Хайдүв Гэлэгбалсан нарын зохиол бүтээлд тулгуурлан учир шалтгааны гүн ухааныг дагнан хөгжүүлж байсан юм.

Чингэхдээ Их хүрээний 3 дацангаас өөрийнхөө шавь нарыг хөдөө нутагт аваачин суулгаж чойрын мэтгэлцээн, дагсал хэлэлцэх, ухааруулах эрдэм ухааныг сургаж байв. Их гэвш Юндэндоржийг 1937 онд хилс хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлжээ. Хүрээ маралын гүн ухааны сургуулиас төрсөн гавж Сэдбазар, гэвш Дагийсүрэн, Гэвш Чадраа нар нь 1960, 1980, 1990-ээд оны үед Гандантэгчэнлин хийдэд хурж байсан юм. Монгол лам нарын дундаас гүн ухааны болон бусад эрдэм ухааны чиглэлээр хосгүй зохиол бүтээл туурвисан нь бурхны шашин, оюуны соёлын хөгжил цэцэглэлтэнд оруулсан хувь нэмэр гэж үзэж байна. 1936 оны байдлаар одоогийн Монгол улсын нутаг дэвсгэрт 1200 –гаад том жижиг, сүм хийд байсан байна. Үүнээс гадна Өвөрмонгол, Дээд монгол, Баруун монгол, Халимаг, Буриадад олон тооны сүм хийд байсны дээр номч эрдэмтэн мэргэд олноор төрж байсан нь дамжиггүй билээ. Монголын номын мэргэдийн яруу алдар арван зүгтээ бадран дэлгэрэх болтугай.

 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 12-р сарын 24, Бямба гариг, 04:08
И-мэйл Хэвлэх PDF

Сайн шавийн тухай буддист үзэл ба орчин үе

Түлхүүр үг: Буддизмийн ёс зүйн үзэл, шавь хүн, үүрэг хариуцлага, шинж чанарууд

Товч агуулга: Манай оюутан, багш нарын дунд сайн шавь гэдгийг хэрхэн ойлгож байгаа. Мөн Буддизм дахь шавъ хүний үүрэг, баримтлах ёстой ёс суртахууны хэм хэмжээний асуудал нь одоогийн манай нийгэм дэхь оюутнууд багш нартайгаа харшцах харилцаанд хэрхэн нөлөөлж болох, тэдгээрийг бид авч хэрэгжүүлэх боломж байгаа эсэх талаар өөрийн хэмжээнд судлах зорилго тавилаа.

Шавь ямар нэгэн эрхэм чанарыг эзэмших, алдаа дутагдлаасаа салахаас эхлээд аливаа сайн сайханд хүрэх нь багшаас ихээхэн хамаардаг байна. Ийм учраас:

'Дээдийн номыг анхааран сонс

Дэглэх, сонжих эргэлзээгээ орхи

Дэргэд чинь номлох ерөөлтэй багшаа

Дээд Буддатай адилаар тахигтун' хэмээн сургажээ.

Ийнхүү өөрийн багшийг бурхан Будда хэмээн хүндэтгэн дээдлэх нь буддизмийн нэг гол сургаал, шавь хүн эрдэм номыг сурахын үндэс суурь нь болдог учиртай ажээ.

Багш шавийн барилдлага тогтооно гэдэг нь тухайн шавь хүн өөрийн шинжин хайн олсон багшийгаа хүндэтгэн, түүнд өөрийн бие, хэл, сэтгэлээ бүрэн зориулан итгэн биширч, ямагт багшийнхаа сургаалаар явж, гэгээрлийн замд хөтөлж буйд нь талархан хүндэтгэх явдал юм. Энэ ёс нь нэн чухал бөгөөд олон талын ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Багшаас номлол сургаал хүртэнэ гэдэг бол ерөнхий ойлголт бөгөөд харин бүрэн төгс заавар журмыг нь даган багшийн хэлснээр явна гэдэг нь чухал юм. Ингээд өөрийн номын багшийг хэрхэн шүтэх талаар "Бодь мөрийн зэрэг" ' зохиолд тайлбарлажээ. Үүнд:

А. Багшийг шүтэх ерөнхий хандлага:

1. Дуулгавартай хүү мэт хандлага: Өөрийн зоргоор явахаа больж,
багшийн удирдлаганд бүрэн орно. Сайн хүү гэдэг эцгээсээ
зөвөлгөө хүсэж, хэлсэн үгийг нь дуулгавартай дагадагын адилаар
Шавь хүн гэдэг өөрийн буруу дадал бүхнээ орхиж багшийн
зөвөлгөөг дагадаг.

2. Эвдрэшгүй алмаз мэт хандлага: Алив буруу санаатан багшаас нь
салгаж чадахааргүйгээр багштайгаа ижилсэж номын нөхөр болох.


3. Хөдлөшгүй газар мэт хандлага: Багшийн оноосон ажил үүрэгт
хариуцлагатай хандах. Ямарч үүрэг өгсөн халширч, шантрахгүй
байх.

4. Үүрэгтээ хариуцлагатай хандах: Энд зургаан хандлага дагалддаг :

Ямарч гай зовлон тохиолдсон ажралгүй байж багшийгаа дагадаг байх.
Үүнийг хүрээлсэн их уулс мэт хандлага гэнэ.

Өөрийн муу үйлийн үрийг эдлэвч огт гутрахгүй байхыг зарц мэт хандлага
гэнэ.

Аливаа ихэрхэл, бардам зангаа сайн дарж, өөрийгөө багшаас доогуур
тавихыг бараа бологч мэт хандлага гэдэг.

Багшийн өгсөн халширмаар хүнд хэцүү ажил үүргийг баяр хөөртэйгөөр
гүйцэлдүүлэхийг үнэнч хөлөг мэт хандлага гэдэг.

Багш нь загнаж зэмлэсэн ч уурлахгүй, дургүйцэхгүй байхыг нохой мэт
хандлага. Энэ нь угтаа Багш бээр шавийг загнаж, томжиргүй хандсан ч
тэрсэлдэж болохгүй. Харин улам бүр номлолруу тэмүүлж, сүсэглэн араас
нь уйгагүй явах хэрэгтэй гэсэн санаа юм.

Багш нь ямарч ажил үүрэг өгсөн нааш, цааш явахаас залхахгүй байхыг сал
мэт хандлага гэнэ.

Эдгээрийг оюутан залуус бид задлан шинжилж, нэгтгэн дүгнэн, өөрийн багш нартаа хандах хандлагаа энэ мэт өөрчлөх хэрэгтэй юм. Багшаас авсан ямар ч үүрэг даалгаврыг цаг тухайд нь, маш сайн, нягт нямбай хийж, тэдгээрээс өөрт хэрэгтэй, эзэмшвэл зохих дадлуудыг суулгаж байх нь зүйтэй юм. Үүний дараа:

Б. Гол үндэс болох сүсгийг бататгах

Их хөлгөний ёсонд багшийгаа Ялгуулсан Будда хэмээн сэтгэх хэрэгтэй гэж өгүүлдэг. Багшийгаа амьд Будда хэмээн ухамсарлан дээдлэхийн хэрээр түүнээс дутагдал эрэхээ больж, эрхэм чанарыг нь, оюун ухааны шидийг нь харах ухаан төрдөг учиртай. Буддатай учирвал баярлаж, сүсэглэх тэр л хэмжээгээр багшдаа баярлаж, сүсэглэ. Ингэж чинхүү сүсгээр багшийгаа хүндэлж чадваас гэгээрэлд хүрэхэд дутуу байсан эрхэм чанарын чуулбар бүхэн гүйцнэ гэж "Нандин эрдэний үйл "' сударт дурьдсан байна.


Хэдийгээр шавь хүн өөрөө ухаан хурц, сэргэлэн байвч заан сургах багшаа үл хүндэтгэн, бишрэн сүсэглэх сэтгэлийг өөрт төрүүлэхгүй аваас багшаасаа шинэ мэдлэг, боловсролыг олж авч чадахгүйд хүрэх болно. Иймд энэхүү сэтгэлийг өөрт баттай суулгах нь шавь хүний үүрэг гэлтэй.

В. Багшийн ачийг дурсан санах

"Арван чанар сударт " ' "Төөрч явахад олоод дуудагчаар бод Түнэр шөнийн зүүднээс сэрээгчээр бод Үйлэндээ живэхэд гараа сунгагчаар бод Үнэнээс зөрөхөд дуудаж залагчаар бод

Орчлонгийн гавыг тайлсан чөлөөлөгчөөр бод Ороосон өвчнийг эдгээсэн анагаагчаар бод Атгаг шунал, хүслийн түймрийг Аадарын үүл болж унтраагчаар бод

Зөв болгоны минь үрийг соёолуулж Зөв мөрт нь ургуулж ачилсан Багшийнхаа ачийг бахтах хэрэгтэй" гэжээ.

Багшийн ачийг санах бүрдээ багш нар минь гэж бүгдийнх нь нэрийг тоочин, дүрийг нь сэтгэлдээ дүрслэн бодож, гэгээрлийн зам мөрд орох нь гагцхүү таниас хамааралтай гэж бодож ач тусыг нь санаж, хэмжээлшгүй ариун сүсгийн сэтгэлийг төрүүлээд ном заах багшдаа үнэнчээр хандваас жинхэнэ багшийг шүтэх ёс тэр болно.

Ийнхүү багшийг шүтэх ёсыг Богд зонхов бээр Бодь мөрийн зэрэг зохиолдоо нэг гол сургаал болгон авч үзсэн нь тун зүйтэй гэж үзэж байна. Учир нь шавийн ёс зүй ямар байх, багшийгаа хэрхэн хүндлэж, зааж буй номыг нь ямар байдалтай хүлээн авч, хэрхэн хэрэгжүүлж байгаагаас хамаараад манай нийгмийн залуучуудын ёс зүй, хөгжил дэвшил шууд хамааралтай юм. Мөн буддизмд багш шавийн барилдлага нь багш тань ганц мөр, шад шүлэг номлол хэлсэн төдийд л тавигдаж, тухайн хүнийг өөрийн багшаа хэмээн хүндлэн үздэг бол, одоогоор манай нийгэмд энэ нь төдийлөн сайн дэлгэрээгүй ёс суртахууны үзэгдэл юм. Нэг мөр төдийгүй нэлээдгүй удаан хугацаагаар хичээл заасан багшдаа бид ингэж хандаж чаддаг билүү? Аливаа зүйлийн эхлэл ямар тавигдана төгсгөл тийм л байна гэж ярьдаг.


Тэгэхээр дээр дурьдсан багшийг шүтэх ёсон, багш хүний шавь нартаа ном заасны ач тусыг санах, багшдаа хандах ерөнхий хандлагууд гээд эдгээр бүгд нь анх багш ангид орж ирээд хичээлээ зааж эхлэх тэр цагаас л шавь хүнд байх хэрэгтэй ёс зүйн анхны алхмууд болдог юм шиг санагдаж байна.

Энэ мэтчилэн бурханы ариун сургаал, гэгээрлийн замд хөтлөх номлолыг заах багш эрдэмтэн нарыг шүтэж, сургасан сургаал үгийг нь ёсчлон дагах нь энэ болон дараа дараагийн төрөлдөө өөрийн хүслээр амар амгалан жаргалтай амьдрах болон өөр бусад ач тустай гэж буддизмд сургадаг. Эдгээрээс дурьдвал :

Төгс гэгээрлийн (нирваан) түвшинд ойртоно

Урьд өмнө цагт гэгээрсэн багш мэргэдийг баясгана

Дараа дараагийн төрөл тутамдаа эрдэм номын садан багшаасаа үл
хагацах болно

Эдүгээ болон ирээдүйн зорилго саадгүй бүтнэ.

Эрхэм сайхан чанар бүрийг өөрт төгс цогцлуулна.

Урьд хийсэн муу үйлийн үрээр энэ насанд эдлэх байсан зовлон нь бие
сэтгэлийн өчүүхэн зовлон (хар дарж зүүдлэх, бие эрхтнээ хөнгөнөөр
гэмтээх ) болж арилах гэх мэтийн амгалан жаргалыг өөрийн номын
багшаа Бурхан Будда гэж үнэнхүү сэтгэлээр шүтсэнээр эдэлж болох
ашиг тустай юм.

Өнөөгийн нийгэмд дэхь оюутан, суралцагчдад нийцсэн байдлаар, хичээл зааж буй багш нараа хүндэтгэн, зөв харилцсанаар урган гарах эдгээр ач тусыг нь ойлгуулан, таниулах хэрэгтэй юм. Хүн өөрт хэрэгтэй, ашигтай зүйлсийг илүү хийхийг хүсдэг шүү дээ. Тийм ч учраас эдгээр ашиг тусыг өөрсдийн хэмжээнд задлан дүгнэж, ухааран ойлговол зохилтой юм. Мөн багшийгаа гэсэн чин эрмэлзэл, санаа бодол зүгээр ч нэг хүнд төрдөггүй бөгөөд шавь хүнд байх ёстой зарим нэг ёс зүйн хэм хэмжээний талаар мөн буддизмд өгүүлжээ.

Эрдэм номыг ёсчлон суралцаж буй шавийн хувьд шудрага, ухаалаг, дур сонирхолтой байх нь гэгээрэл дүүрэх сав болно. Ийм гурван чанартай хүнийг номлол сонсож болох шавь хэмээн Хутагт Аръяндэва тодорхойлсноос гадна Богд Зонхов бээр үүндээр хоёр чанарыг нэмэн


Буддизмд шавь хүний эрхэмлэх шинж чанаруудыг тодорхойлохдоо:

Шудрага

Оюун төгөлдөр

Хичээнгүй

Бишрэхүй

Сэтгэлээ тогтоох гэжээ.

Эдгээрийн утга агуулгыг товч тайлбарлавал:

Шудрага гэдэг нь өөрийн багшдаа худал хэлж, хуурч мэхлэх сэтгэлгүй байхыг хэлнэ. Мөн хичээл ном болон сайн үйлийг ямар ч эргэлзээ тээнэгэлзэлгүй, залхууралгүй хийж, муу үйл, муухай зүйлийг хийхийг чин сэтгэлээсээ хорино гэсэн амлалтандаа хүрч, үнэнч шудрага байх явдал юм. Шавь саруул ухаантай байснаар багшийн заасан ном, сургасан сургаалийг тэр даруйд нь ойлгон, тогтоон цээжилж, хэзээд марталгүй байж өөрийн явдал мөрдөө хэрэгжүүлэх болно. "Эрдэм бүхнийг хичээнгүй дагадаг

Хичээнгүйг эрдэм бүхэн дагадаг" гэж Чандракирти гэгээн бээр айлдсанчлан ямарч шавьд хичээнгүйн санаа бодол байх хэрэгтэй юм. Багшийн зааж буй номонд идвэхтэй, дур хүсэлтэй байж өгсөн үүрэг даалгаврыг дуулгавартайгаар, өөрийн бүхий л мэдлэг чадварыг ашиглан гүйцэтгэх. Хамгийн гол нь тасралтгүй бага багаар усны урсгал мэт байнга хичээнгүйлэн номоо үзэн судалж байх нь шавь хүний нэг эрдэм болж байдаг.

Бишрэхүйн сэтгэлийг "Голмодон байгуулах" 'сударт: "Ариун чанаруудыг төрүүлэгч эх Амлуулж сургаалаар тэжээгч эжий Гэгээрч дээшлэхийн үүд болгонд Гэрэлт бамбар шиг гийгүүлэн зогсоод Гэтэлгэж бас муугийн хорлолд Гэм нүглээс ангижруулагч билээ. Нарт ертөнцийг аврагч мэтээр Намайг та хөтлөнө ч, нөмөрлөнө ч

Найрсал зохирлыг нүд болж харуулна ч

Найдаж итгэх минь энэ л байна" гэж багшийг хэрхэн бишрэн дагах талаар

өгүүлэн дурьдсан байдаг.


Сэтгэлээ номхотгон барих гэдэг нь элдэв муу сэтгэлээр багшийнхаа

номыг сонсох, мөн хичээл номоо анхаарахгүй байх зэрэг ном сурахад хор

болдог сэтгэлүүдийг номхотгон барьж, хичээнгүй тэвчээртэйгээр эрдэмд

шамдах нь мөн шавь хүний нэгэн эрдэм болох бөлгөө.

Эдгээр эрдмүүдийг шавь хүн өөрт суулгахаас гадна, номлол сонсох байр

байдал, суралцах журам нь чухал бөгөөд хэрэв эдгээр чанаруудыг

эзэмшиж чадахгүй бол хэзээ ч эрдмийг олж авч чадахгүй. Үүнийг буддизд

өгүүлэхдээ:

"Бодъсадвагийн төвшин " '

"Бүгдийг мэдэх хүслээр анхаарлаа сайтар төвлөрүүлэн

Гүн хүндэтгэлтэйгээр,

Хамаг оюун бодлоороо сонс" гэж сургажээ.

Ийнхүү шавь хүн багшийнхаа ном сургаалийг сонсохдоо эдгээр санаа

сэтгэлийг өөрт суулгасан байх хэрэгтэй гэжээ. Үүнд :

1. Эрдэм мэдлэгээр төгс гэгээрсэн мэргэд багш нар болон бурхан
Буддагийн онол сурталтай тэнцэх тийм сургаал энэ ертөнцийн хаа ч
байхгүй гэж бодох.

2. Бурханы ном бол ертөнцийг нээх мэлмий учир би багшаасаа ном
сонссоноор энэхүү ерөнцийг танин мэдэж чадна гэж итгэх.

3. Юмсын дотоод мөн чанарыг төвөггүй олж харж чаддаг болно.

4. Бурханы номыг үзэх нь асар их тустай бөгөөд, би бээр нирваанд
хүрч чадна

5. Нүглээс ангижирч буяныг хийж чадах болно. Гэсэн эдгээр ач
тусыг санан, итгэл үнэмшлийг сэтгэлдээ суулгаж байж, багшийн
номыг сонсох хэрэгтэй юм.

Хэрэв ийм сэтгэлээр номыг сонсвол багшийн заасан ном шавьд улам баттай сүсэг төрүүлэн, чинхүү үнэн эрдэмд хөтлөх болно. Мөн олж авсан мэдлэг нь хэзээ ч мартагдахгүй байж,үргэлж шавьд хэрэг болохыг сургадаг байна.

Харин дээр дурьдсанаас эсэргээрэй багшийгаа хичээл ном зааж байхад нь анхааралгүй, сэрэмжгүй байх сэтгэлийг буддизмд бас авч үздэг бөгөөд эдгээрийг залхуурал,үл тоосон байдал гэх зэрэгийг ёс зүйн алдаа буюу шавь хүнд байж болшгүй шинжүүд гэж нэрлээд түүнийгээ гурван төрлийн савтай жишин тайлбарласан байдаг. Үүнд:

Хөмөрсөн сав - Хөмөрсөн саванд хэдий ихийг хийх гэсэн ч дотор нь орохгүй тогтохгүй.


Дээшээ харсан ч бохир сав - Хэдийгээр дотор нь хийх гэсэн зүйл
орсон ч бохирдож хэрэглэхийн аргагүй болно.

Бохирдоогүй ч ёроол нь цоорхой сав - Ёроол нь цоорхой учраас
хэдий цэвэрхэн байсан ч хийсэн зүйл маань хэзээ ч дотор нь үлдэж
бидний хэрэгцээг хангахгүй.

Эдгээр нь угтаа бол зааж буй номыг анхааралтай сонсохгүй байх, анхааралтай сонссон ч санаа бодол нь ондоо байж номыг буруу андуугаар ойлгох, эцэст нь хэдийгээр дээрх алдааг гаргахгүй байсан ч багшаас сонссон номыг тогтоон авахгүй мартах зэрэг эдгээр гурван алдаа дутагдлыг гаргавал сургаал сонссоны хэрэг төдийлөн гарахгүй гэсэн утгатай юм.

Эдгээр савын гурван гэм нь манай оюутан, суралцагчдын дунд нэлээд түгээмэл байдаг. Хэдийгээр ангид орж ирээд хичээлд суусан ч гэсэн сэтгэл санаа, бодол нь аль хэдийнээ өөр тийш сарничихсан, зарим нь бүр багшийн хэлж ярьж байгааг сонсох ч хүсэлгүй байх гэх мэт олон дутагдлыг харж болно. Энэ бүх ёс суртахуунгүй, хичээнгүй бус байдал нь манай өнөөгийн шинээр оюутан болж буй хүүхдүүд, өсвөр насныханд муу нөлөө үзүүлж байна. Ингээд эдгээрх ёс суртахууны хэм хэмжээг шавь, сурагч хүн өөрт суулгаагүйгээс, багшийн хэлсэн зөв зам мөрөөр яваагүйгээс гарч болох муу үр дүнг бас дурьдах шаардлагатай юм. Багшийг эс шүтсэний гэм хийгээд унал

Эдгээрээс гадна нэгэн чухал зүйл бол өөрийн багшийг эс шүтэн, заан сургахыг нь үл дагасан шавьд унал гэм гардаг тухайтад сургасан сургаал юм.

Багш шавь барилдчихаад тангаргаа доройтуулан, багшийгаа шүтэх ёсыг зөрчвөл :

Энэ насандаа олон төрлийн хүнд хийгээд хөнгөн өвчин тусна

Хойд насандаа хэмжээлж баршгүй их зовлонг 3 муу заяанд төрөн
эдлэх болно

Хөгжөөгүй байсан эрхэм чанарууд огт төлөвшихгүй, харин
төлөвшсөн нь улам дордоно гээд

Мөн "Дагасан багшаа бүү гутаа Дараа нь чамайг там хүлээнэ Дайраад өнгөрөхгүй ээ, олон галваар Тасарч амс хийхгүй үргэлжлэх цагаар Даанч их тарчлах болно


Ачит багшийн сэтгэлийг зовоож Амгалант царайг барайлгах аваас Адаг доод халуун тамд Алгасал үгүй түлэгдэх нигууртай

Аюус гэхчлэнгийн асар зовлонт Аймшиг төрүүлэм тамуудын ихэнхэд Алдас хийж ачит багшийнхаа

Амирлангуйг цочоосон нүгэлтнүүд очдог юм" гэж "Багшийн таван бадаг "' номонд өгүүлжээ.

Эдгээр үг мөртүүд нь чухамдаа яахын аргагүй номыг нь сонсож, гэгээрлийн эх болсон багштай болсон шавь хүн яавч багшийгаа гомдоон шаналгаж, хэлсэн сургасан зүйлийг нь мартан, үл ойшоон явж болохгүй гэдгийг хэлж сургасан байна. Мөн заан засагч багшийгаа гутаан доромжлоно, хүндэтгэхгүй байна гэдэг нь шавь хүнд хэзээ ч байж болшгүй ёс суртахууны дутагдал мөн болно гэдгийг сургажээ. Дээр дурьдсанчлан анх багшийг ангид орж ирэхээс эхлээд шавь хүн өөрийн үг хэл, байр байдал, багшдаа болон хичээлдээ хандаж буй хандлагууддаа анхаарч, зөв зүйтэйгээр биеэ авч явах нь хамгийн чухал бөгөөд тухайн хичээлийг сайн ойлгоход их тус болдог. Мөн зарим тохиолдолд дадлагын эсвэл шинэ багшийг анх хичээл заахаас нь л тоомжиргүй хандаж, хэлсэн үгийг нь хайхраагүй тохиолдолд тухайн хичээлийг хэзээ ч ойлгодоггүй. Энэ нь юуг харуулж байна гэхээр тэдгээр хүмүүсийг багш гэж хүндлэн, хэлсэн үг, заасан хичээлийг нь дахин мартахгүй болтлоо ойлгож, сонсъё гэсэн эрмэлзлэлийг өөрт суулгаагүйг л харуулж байгаа хэрэг.

Хэрвээ ямар ч хичээл дээр иймэрхүү хандлагатайгаар хандвал өөрийн мэргэжлээ сайн эзэмшин, шилдэг шинэ боловсон хүчин болох нь эргэлзээтэй болж байна.


Дүгнэлт

Ийнхүү Буддизмд шавь хүнийг ямар байх ёстой гэж номлодог, тэдгээрт

тавьдаг чанга хатуу шаардлагууд, шавь хүний эрхэм үүргүүд, яагаад заавал

багшийгшүтэх хэрэгтэй, эсэргээрэй багшийг шүтэн хүндлээгүйгээрээ ямар алдаадутагдал бий болох мөн өнөөгийн оюутан залуус бидний багш нартайгаахарилцах харилцаанаас эдгээр нь юугаараа илүү давуу талтай, юугаараа бидэнд хэрэгтэй байна вэ гэдгийг авч үзлээ. Хэдийгээр буддизмд сургадаг эдгээр онол, сургаалиуд бидний амьдралд яг ёсчлон буухгүй ч энгийнээр хэрэглэгдэх үндэстэй юм гэдгийг бага ч гэсэн харуулахыг оролдсон юм. Хичээл заах багшдаа хадаг барин шавь орж, үргэлж хэлсэн үгээр нь явна, хэрвээ тэгээгүй тохиолдолд там, бирд, адгуусны төрөлд төрөн, зовлон ихээр амсана гээд эдгээр бүгдийг анх сонсоод сэтгэлд буухгүй нь мэдээж хэрэг ч эдгээрээс бидэнд бага ч гэсэн сайнаар нөлөөлж болох, хэрэг болохуйц ёс суртахууны зүйлийг нь аль болох энгийн хялбараар, амьдралд хэрэг болхуйцаар хүлээн авах хэрэгтэй. Гэвч одоогоор эдгээр буддизмийн ёс суртахууны хэм хэмжээ нь гагцхүү хэсэг бүлэг буддистууд болон жинхэнэ лам хуврагуудын дунд л баримтлагдаж байгаа нь харамсалтай байна Мөн манай ард түмэн эртнээсээ бурханы шашныг шүтэн, бишэрч ирсэнтэй холбогдож манай ёс зүйн үзэл сургаалд буддист хандлага бага зэрэг байгаа мэт санагддаг. Тийм ч учраас эдгээр ёс суртахууны зүйлсийг судлан, өөрсөддөө хэрэгжүүлэхэд тун хэцүү бэрхтэй зүйл байхгүй гэж үзэж байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 12-р сарын 24, Бямба гариг, 04:10
И-мэйл Хэвлэх PDF

МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШНЫ ЁС ЗҮЙН СУДАЛГААНЫ ТОЙМ

 

Хураангуй: Монголд бурханы шашин нь 1. Хүннүгийн үе, 2. XIII зууны дунд үе, 3. XVI зууны II хагас гэсэн гурван үед дэлгэрч байсныг манай түүхч, судлаачид нотлон өгүүлсэн байдаг. Бидний өвөг дээдэс Энэтхэг, Төвдийн шашин соёлын сонгодог өв сан болох "Эрдэнийн сан субашид", "Барамидын магтаал", "Бодъ мөрийн зул", "Бодь мөрийн зэрэг", "Модны шастир, Усны шастир", "Орчлонгийн сав шимийн дуулал", Нагаржунагийн "Ардыг тэжээхүй дусал"зэрэг олон арван ёс зүйн сургаалыг XIV зуунаас хойш орчуулж тайлбарлан бидний үед уламжилжээ. Тиймээс "Дэлхийн Буддын судлалд Энэтхэгийн, Төвдийн, Хятадын, Японы гэх зэргээр онцлон нэрийддэг шиг Монголын бурханы шашин гэж зүй ёсоор ярих үндэстэй" гэсэн олон судалгааны үр дүнд үндэслэн Монголын бурханы шашны уламжлалд ёс зүйн сургаал нь гол байр сууръ эзлэх учиртай гэж бид үзэж байна.

Ялангуяа Бурханы шашны гуравдугаар дэлгэрлээр өрнөсөн Монголын "сэргэн мандал" нъ нийгмийн оюун санааны амьдрал, тэр дундаа ёс суртахууны үнэлэмжийн өөрчлөлтөөр тодорхойлогдоно. Учир нь сүм хийд бүрийн дэргэд шашны сургууль дацангуудын бүтээн байгуулалт өрнөж, ёс зүйн сургаалын зохиолын тоо ч урьдынхаас нэмэгдэж байжээ. Энэтхэг, Төвдийн мэргэдийн зохиол бүтээлээс ишлэсэн, дууриасан ёс зүйн сургаалыг Монгол эрдэмтэн лам нар Төвд хэлээр зохиох нь олонтой болж байсан нь ихэс дээдсээс эхлээд эгэл жирийн олонд Бурханы шашны ёс зүйн сургаалаар дамжин түүний зан үйл, номлол түгэн дэлгэрэхэд хүргэжээ.

Академич Ч.Жүгдэрийн "Монголд буддизм өргөн дэлгэрсэн үе буюу тайлбарлах үе " гэж нэрлэсэн ХУ1-ХУШ зууны үед бурханы шашин нъ монгол түмний нүүдэллэн аж төрөх ёс хийгээд ёс заншилд нэвчин шингэж чадсан байна. Чингэхдээ манай бичгийн мэргэд Энэтхэг, Төвдийн буддын ёс зүйг уламжлан авч түүнийг цаашид хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулжээ. Бид энэхүү итгэлдээ Монголын бурханы шашны ёс зүйн түүхэн уламжлал, ёс зүйн сургаалын нийтлэг тал, эх сурвалжийн судалгааны тоймыг авч үзлээ.

Монголын буддизмыг Өндөр гэгээний сургаал туурвилаас эхлэлтэй гэж үздэг билээ. Судалгааны бүтээлүүдээс үзэхэд, монголын бурханы шашны ёс зүйн сургаалыг 1. Энэтхэг, төвд хэлнээс орчуулсан сургаалийн зохиолууд, 2. Монгол сэтгэгчдийн бичсэн сургаалын зохиолууд гэж ангилан үзэж болох юм.

Орчуулгын зохиолын үнэ цэнийн талаар эрдэмтэн Ш.Бира өгүүлэхдээ: Төвд, Монголд сургаалын зохиолын төрлийг буй болгосон "Нитишастра" гэдэг төр ёсны найман зохиол болон "Үүлэн зардас" хэмээх хайр сэтгэл, утга уянгын найраглал монгол Данжуурт байгаа. Эдгээр нь манайд орчуулагдан хэрэглэгдэж байсны хувьд сэтгэгчдийн сургаал, ардын аман зохиол зэрэгт нөлөөлсөн байх утгаараа холбогдох учиртай. Төрийн найман шастарын хувьд "Зуун билиг" хэмээх сайн номлол, "Билгийн гол модон", "Рашааны дусал", Равигуптагийн зохиосон "Сайн үгсийн сан", Варручигийн "Зуун шүлэг хэмээх шастар", Амаршаваршагийн зохиосон "Хиргүй асуусны хариу эрдэнийн эрхи", Чанакьягийн зохиосон "Занагарын төрийн шастар", Масуракшагийн зохиосон "Төрийн шастар"-аас сүүлчийн хоёр нь буддын сургаал бол бусад нь буддын шашнаас өмнөх үеийн "Нитишастар" буюу сургаалын шастар, "Артхашастар" буюу утгын шастрын их уламжлалтай шууд холбоотой ажээ. Ялангуяа Нагаржунагийн "Ардыг тэжээхүй дусал", эртний Энэтхэг сургаалын үлгэр загвараар Сажа бандид Гунгаажалцангийн зохиосон "Субашид" хоёр Монголд үлэмж тархсан байв. Эдгээр сургаалын зохиолд Монголчууд тайлбар зохиол бичих буюу тэдгээрийн үлгэр загвараар өөрсдийн сургаалын зохиол бичих явдал дэлгэрсэн байжээ2 хэмээн дүгнэсэн байдаг. ХVIII-ХХ зууны эхэн үед тэд бурханы шашин, философийн бүтээлүүдийг судлан тайлбарлах явцдаа өөрсдийн бүтээлч оюун ухаанаар шинэ шинэ санал дүгнэлт баталгаа, нотолгоо баримт сэлт гарган өгүүлсэн нь цөөнгүй аж. Ялангуяа "Эрдэнийн сан субашид" бол доктор Д.Дашжамцын дүгнэснээр хос ёсны үзлээр ёс суртахууны бүтцийг танин мэдэж ухаарахыг номлосон байдаг.

Одоогоор судлаачид хоёр зуу гаруй монгол хүн төвд хэлээр зохиолоо бичиж байсан гэж тогтоожээ. Тэд нэг ботиос хэлээд 30 хүртэлх боть зохиолыг төвд хэлээр бичсэн нь бичмэл болон бараар Монгол, Хятад, Төвдөд ихэд тархжээ.3 Ийм их оюуны сан хөмрөг бүтээх үйлд XVIII зууны (1742 онд) нэрт гүүш Жанжаа хутагт Ролбийдорж, Шаравжамц, Гомбожав, Агваандампил нарын зохиосон "Мэргэд гарахын орон" хэмээх төвд-монгол нэр томъёоны толь бичиг онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж болно. Өөрөөр хэлбэл, үүний ялдамд буддын ёс зүйн нэр томъёоны орчуулга, тайлбар ч цэгцэрсэн нь сургаалуудаас харагдаж байна.

Монголын буддын сэтгэгчдийн ёс зүйн сургаалын бичлэгийн арга зүйд холбогдох нэгэн сонирхолтой дүгнэлтийг доктор С.Дулам өгүүлэхдээ: "Энэтхэгийн судрын аймаг савын үргэлжилсэн үгийн зохиолын гол төрөл зүйл нь цадиг, судар (буддын сургаалыг харилцан ярилцаж өгүүлсэн) хоёр ажээ... Юуг дүрслэх гэж буй, ямар нөхцөл байдлын тухай гарах гэж буйгаас хамаараад тогтсон үг хэллэгээр өгүүлэх нь журам болсон байдаг. Иймд найруулгын гол арга хэрэглүүр нь давтал юм. Энэ нь өгүүлбэр зүйн олон зэргэд бүтэц буй болгон сургаал номлолын дахин давтагдсан тусгай айзам буй болгодог байна"4 гэжээ. Энэтхэгийн уран зохиолын найруулгын ийм аргыг манай бурханы шашны мэргэд өөрсдийн бүтээлдээ өргөн ашиглажээ. Тухайлбал, чөлөө учралт хүний бие, мэргэн, тэнэгийн явдал, үйлийн үрийн тийн боловсрол, хоёр түйтгэр, аливаа тус амгалан бүгдийг бүтээх, шавь нь багшийн зарлигаар яв, оюун мэдэл төгс, бодь сэтгэл онох, хэзээд үйлийн үрийг бодох, дээдийн ном, сэтгэлээ болгоомжлон явах (шинжих), биеэ хичээнгүйлэх зэрэг ойлголтуудаас эхлээд өгүүлбэр, бүтэн мөр бадаг, бичвэрийг давтах нь элбэг тохиолдоно. Гэхдээ зохиогчид эдгээр ойлголтыг өөр өөрийн үзэл бодлын өнцгөөс баяжуулан тайлбарласан нь манай бурханы шашны ёс зүйн онцлогийг харуулах учиртай юм.

Манай буддын сэтгэгчдийн их таван ухааны чиглэлүүдээр (урлахуй, тэжээхүй, дуун, учир шалтгаан, дотоод ухааны буюу буддын шашны гүн ухаан) бичсэн зохиол бүтээл нь мөн ёс зүйн асуудлыг давхар тусгажээ. Урлахуйн ухааны гол судлагдахуун уран дүрслэх ухаан, гоо сайхны таашаал, мэдрэмж тэжээхүйн ухаанд биеэ эрүүл зөв авч явах, дуун ухаанд зөв үг хэлэх, зөв сэтгэх, учир шалтгааны ухаанд танин мэдэхүйг ёс зүйтэй уялдуулсан байх юм. Академич Г.Лувсанцэрэн "Монголын буддизмд бие, хэл, сэтгэлийн ариун ёсыг баримтлахыг эрхэмлэж, энх амгалан, эв зохицолтой, шударгаар аж төрөхийн ёс суртахууны зарчмыг тодорхойлон мөрдлөг болгодог"5 хэмээсэнтэй бид санал нэгдэж байна.

XVI зууны үеэс буддын ёс зүйн сэтгэлгээний гол эх сурвалж болох "Барамидын
магтаал", "Бодь мөрийн зул", "Бодь мөрийн зэрэг"-ээр дамжуулан зовлонгийн
шалтгаан хийгээд түүнээс ангижрах арга зам, нисванисыг дарах тухай, их билигтний
арга мөрийн тухай, би-г баримтлах нь буруу үзлийн шалтгаан болох тухай, эхийн ачийг
хариулах лугаа адилаар ертөнцийн бүхий л юмс, үзэгдэлд энэрэн нигүүлсэхүй
сэтгэлээр хандах, буяны ёсонд сургах багшийг шүтэх ёс зэрэг нь өргөн дэлгэрчээ.

XVII зууны сүүл үеэс Монголчуудын дунд Буддын шашин дангаар ноёрхох
үндэс тавигдаж шарын шашны ёс дэлгэрч байсны дотор гэлүгва ёсны гол онцлог болох
бурхан болох зам мөрөөр хөтлөх багш шавийн ёсны сургаал байв. Мөн үед Монгол
орон харийн түрэмгийлэгчдийн захиргаанд орж ард түмний үндэсний ухамсар, эх
оронч үзэл алхам алхамаар сэргэхэд Халхын Өндөр гэгээн Занабазар (1635-1723),
Ламын гэгээн Лувсанданзанжанцан (1639-1704), Халхын Зая бандида Лувсанпринлэй
(1642-1715), Цахар гэвш Лувсанчүлтэм (1717-1766) зэрэг олон сэтгэгчдийн үзэл санаа
нөлөөлж байв.

Өндөр гэгээн улс хоорондын зөрчлийг бусдад гэм хор учруулахгүйгээр асрахуй, энэрэхүй сэтгэлийг хатамжлан хүлцэхуйг, Лувсанпринлэй хос ёсны сургаалдаа мөн чанарью бие, бурханы ёс, зохист зэрэг ойлголтуудыг, Цахар гэвш Лувсанчүлтэм бурхан болох мөрд бие, хэл, сэтгэлээ зориулах, өөрөө өөрийгөө танин мэдэхүй, номоос алгасалгүй явахын ач тус ба хос ёсонг, Лувсанданзанжанцан йогачара ёс зүйн үндэс, бодь сэтгэлт хуний мөн чанарыг тус тус онцлон үзсэн байна. Үүний хамтаар ёс суртахууны асуудлыг улам бүр нарийвчлан үзэх болж түүний хэм хэмжээ, зарчим, үнэт зүйлийг тусгайлан тодорхойлж гарын авлага хэлбэрээр олны хүртээл болгож байсны жишээ бол Лувсан гэвшийн эмхэтгэсэн олон зүйл сургаал болно.

Харин Х1Х-ХХ зууны үед Их хүрээний Хамба номун хан Агваанхайдав, Агваандандар, Данзанравжаа, Данзанваанжил, Ишсамбуу, Цанид ловон Шагдар нарын шашны доройтол, нийгмийн ёс суртахуунгүй явдлыг шүүмжилсэн шүлэг, сургаал зохиосноос гадна эртний Энэтхэгийн Шантидэва гэгээний айлдсан "Бодьсадвын явдалд орохуй" шастарт Монголын бичээч цорж Агваандорж, Бэйлийн ламтан Агваандамба, Оргиочийн лам Лувсанбалдан гавж, Чойнзон цорж нар тайлбар зохиож төвд хэлээр бичсэн байна. Тухайлбал, XIX зууны Оргиочийн лам "Бодьсадвын явдалд орохуй шастрын үг утга бүхнийг тодруулан үйлдэгч сайн хувьтны орох олом" (Дугуйт тайлбар) хэмээх бүтээлийг туурвисан нь томоохон амжилт байлаа. Түүнчлэн Алшаа лхарамба Агваандандар ёс суртахууны үйлдэл, харилцаа, ухамсрын үзэгдлийн холбоо хамаарлыг илэрхийлэхдээ буддын танин мэдэхүйн эсрэг тэсрэг талууд бие биенээ нөхцөлдүүлэн оршдог хэмээх үзэлд үндэслэсэн байна. Их хүрээний Хамба номун хан Агваанхайдав бурханы шашныг жинхэнэ ёсоор хөгжүүлвээс нийгэмд бугшсан шударга бус, хариуцлагагүй, идэвхигүй байдлаас ангижруулах нэгэн арга зам мөн гэсэн үзэл санааг дэвшүүлсэн. Ноён хутагт Равжаа цөвийн цаг нь хүмүүсийн ёс суртахууны доройтол гэж үзээд түүнийг хэрхэн даван туулах тухай сургаалыг айлджээ.

Академич Ч.Жүгдэр, Г.Лувсанцэрэн нарын зохиол бүтээлүүдэд энэ үед буддын шашныг жинхэнэ ёсоор нь хөгжүүлэх үзэл санаа илэрснийг Монголын буддизмын шинэтгэх чиглэл гэж үзсэн билээ. Чухамдаа ийм шинэтгэлийн үзэл санаа нь нийгмийн ёс суртахууны асуудалд төвлөрч, үнэлэлт дүгнэлт өгөн, аливаа гэмт, муу явдлын сэдэл шалтгааныг тоочих, сэрэмжлүүлэх, шударга шүүмжлэх аргаар илэрч байсныг тухайн үеийн олон арван ёс зүйн сургаалаас мэдэх бололцоотой.

XX зууны эхэн үеийн монголчуудын оюун санаанд уламжлалт хийгээд буддын шашны, үндэсний ардчилсан үзэл санаа зэрэгцэн оршиж байв. Тэр үеийн ёс зүйн сургаалуудад улс орны тусгаар тогтнох эрх, нийгэм, улс төрийн шинэ чиг хандлагыг зөв тогтоохыг ёс суртахууны үүднээс ухамсарлахыг сургажээ. Өөрөөр хэлбэл, буддын шашны ёс зүйн үнэт зүйлийг агуулсан нийгэм, оюун санааны шинэ чиг хандлага бүхий иргэний шинжтэй сургаал зонхилох болжээ. Тухайлбал, VIII Богд Жавзандамба, Дандаа Дэмчигдорж, Агваанданзанням, Бат-Очир нарын айлдал, сургаалыг хэлж болно.

XX зууны эхэн үед үндэсний тусгаар тогтнолоо хамгаалан улс орноо хөгжүүлэх зорилт энэ үеийн гол шинж болж байсан учраас ёс зүйн сургаал нь бие хүний нийгэмшлийг онцгой анхаарч, нийгмийн шинэ үзэл санааг сэнхрүүлэхийн тулд буддизмээр баяжуулан ашигласан нь онцлог юм. Тухайлбал, Агваанчойжирдондүв бээр Бурханы суртал, тэнгэрийн ёс, улсын хууль, үйлийн үртэй харшлах хэрэг ямагт ихэсч буйд анхааралтай хандах нь зүйтэй хэмээн тухайн нийгэм дэх хууль зөрчих болон ёс суртахуунгүй үзэгдлийг бодитойгоор тодорхойлон бичжээ.

Дарба бандид хувилгааны "Ард түмний ариун ёс хэмээх шастар" нь нийгмийн бүтцэд нэлээдгүй хувийг эзлэж байсан лам хуврагууд ба сүсэгтэн олны шүтлэг бишрэлд үндэслэн шинэ төрийн бодлогыг сурталчлан таниулахын хамт, ёс суртахууныг онцлон анхаарахыг сургаснаараа тухайн үеийн нийгэм-улс төрийн төдийгүй ёс зүйн сурвалж болж байна. Улмаар лам хуврагуудын сахил санваарын ёсыг жирийн ард иргэдийн "дотоодод хүсэл дуршлаар халхлагдсан" сэтгэл санааг ариусган номхруулахад, төрийн түшээдийг энэрэн нигүүлсэхүй сэтгэлээр засахад ашиглаж болохыг өгүүлжээ.


1990-ээд оноос хойш академич Г.Лувсанцэрэн, Д.Цэрэнсодном, Г.Лхагвасүрэн, Л.Хүрэлбаатар, Д.Дашжамц нарын бүтээлд монгол сэтгэгчдийн ёс зүйн сургаалуудыг судлан тэдгээрийн үнэ цэнэ, ач холбогдлыг тодруулан гаргаж ирснийг тэмдэглэх ёстой.

Мөн БНЭУ-аас манай улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, бидний дунд «Элчин багш» гэж алдаршсан шашин, соёлын зүтгэлтэн Бакула Ренбүүчий (1919-2003), Дээрхийн гэгээн XIV Далай лам, Түвдэн Зопа ринбүүчий зэрэг бурханы шашны орчин үеийн нэртэй төлөөлөгчид манай оронд айлчлан сүсэгтэн олонд айлдал, сургаал тавьж тэдний зохиол бүтээл орчуулагдан олны хүртээл болсон нь буддын шашин дахин сэргээд удаагүй байгаа бидний хувьд чамлахааргүй ололт юм.

Энд нэгэн зүйлийг онцлон тэмдэглэхэд Бакула Ренбүүчий манай оронд буддын шашныг дахин сэргээх их үйлийг бүтээх явцдаа сүсэгтэн олонд буддын шашны мөн чанар, гүн итгэл бишрэл төрүүлэхийн ач тус, арван цагаан буян, арван хар нүглийн учир, үйлийн үр, архи, тамхины хор уршиг зэрэг олон сэдвийг хамран өгүүлж байжээ.7 Тэрбээр Азийн Буддистуудын Энх Тайвны Бага Хурлыг удирдаж байхдаа бурханы сайн зарлиг, асрахуй, нигүүлсэхүй, бусдыг хөнөөхийг тэвчих, өөрийгөө бусадтай тэгш үзэхүй гэсэн таван үндсэн зарчмыг шамдангуй гардан үйлдэж жигдрүүлбээс ертөнц дэх цэргийн хямрал тэргүүтнийг амарлиулж чадна8 хэмээн энх тайвнаар оршихуйн үндсэн зарчмыг буддын ёс зүйгээс үүтгэн үзээд бурханыг, хүнийг, номыг, эх орноо, түүхээ, эх байгалиа, гоо сайхныг биширч чаддаг хүнд амьдрал нь учир утгатай болдог гэдгийг айлдан сэтгэл санаагаар өөдрөг тэнүүн байхыг зөвлөж байв. Чухам бид ийм арга барилаар бурханы шашны мөн чанарыг түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй юм.

ДҮГНЭЛТ

Монголын бурханы шашны ёс зүйн онцлогийг сэтгэгчид буддын ёс зүйн үндсэн ойлголт, хэм хэмжээ, зарчмыг монгол хүний сэтгэл зүй, аж төрөхүйд нь нийцсэн ойлголт ухагдахуун, үзэл санаагаар найруулан баяжуулж туурвисан зохиол бүтээлүүдээс нь мэдэж болно. Эдгээр нь бурханы шашны ёс зүйн сургаал нийгмийн оюун санааны эрэлт хэрэгцээг тусган боловсорч, шинэ цаг үедээ нийцсэн агуулгаар өргөжин тэлж байдгийг харуулж байна.

Монголын буддистуудын сургаал нь ёс суртахууны философийн "Юу сайн бэ?, Сайн гэж юу вэ?, Сайн гэж юу гэсэн үг вэ?" зэрэг үндсэн асуултанд шашны болон иргэний үүднээс хариулан тодорхойлж байжээ. Тухайлбал, Анги Шагдар, Гэндэн мэйрэн, Агваанпринлэйжамц, Дандар аграмба, Агваанданзанням нарын болон бусад сэтгэгчдийн бүтээлийг бүрэн эхээр нь төвд хэлнээс орчуулж судлах нь цаашид үндэсний ёс зүйн сэтгэлгээний түүхийн судалгааг өргөн дэлгэр агуулгатай болгох юм. Иймд монголын буддын сэтгэгчдийн төвд хэл дээрх бүтээл туурвилыг орчуулах, нарийвчлан судлах ажлыг эрчимжүүлэх нь манай судлаачдын өмнө зүй ёсоор тавигдаж байна. Ялангуяа тэдний ёс зүйн сургаалаас Энэтхэг, Төвдийн сонгодог сургаал, үзэл санааг хэрхэн гүнзгийрүүлж, баяжуулж ирсэн бэ? гэдгийг тодруулан гаргаж, эдүгээчлэн тайлбарлаж, нийгмийн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бүтээлчээр ашиглах нь зүйтэй юм.

Манайд бурханы шашин нийт шашин шүтлэгтэй хүн амын 80 орчим хувийг хамарч байгаа9 бөгөөд энэ нь түүний ёс зүйн сургаал, мэдлэг иргэдийн ёс суртахууны хүмүүжил, төлөвшилд ихээхэн ач холбогдол үзүүлэх бололцоотойг харуулж байна. Гэтэл манайд бурханы шашны ёс зүйг олон түмэнд таниулан сурталчлах ажил хоцронгуй байгаад шүүмжлэлтэй хандаж, түүний сургаалыг танин мэдэхүй, ёс зүй, сүсэг бишрэлийн үүднээс цогцоор нь таниулвал хүнлэг, шударга ёс суртахуутай иргэн төлөвших, уламжлалт соёлоо хадгалж үлдэх, хүний хөгжил, эко системийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 12-р сарын 24, Бямба гариг, 04:12
И-мэйл Хэвлэх PDF

" Уламжлалт бурханы шашин ба нийгмийн ёс зүй"

...Үлэмжийн чанар төгөлдөр

Өнгө нь тунамал толь шиг

Үзэсгэлэнтэй сайхан царайг тань

Үзээд үзээд ханам үгүй ээ...

Энэ л төгөлдөр тансаг аялгууг сонсох бүрт оюуны цангаа сэтгэлийн зовлон мэдэгдэхүйцээр тайлагддаг.

Тиймээ Монголын суут хүмүүн Д.Равжаагийн энэхүү бүтээл нь хүмүүн та бидний сэтгэлийг амраан бодлыг ариусгагч,оюуны алжаалыг тайлагч гэдэгтэй өв соёл,уламжлал заншлаа эрхэмлэгч хэн бүхэн санал нийлэх бизээ.

Гагцхүү даяаршин буй өнөөгийн нийгэмд монголчууд ,тэр дундаа залуучууд бид хэрхэх вэ?Даяаршиж байна гээд түүх соёл, өв уламжлалаа уландаа гишгэж,эх болсон байгаль дэлхийг хилэгнүүлэн сүйтгэсээр байхуу?Ардчилсан эрхээ хэтрүүлэн хууль журмыг уландаа гишгэсээр хүссэнч хүсээгүй ч дам болон шууд замаар тамхины цэнхэр утаанд толь шиг тунамал өнгийг доройтуулж,үзэсгэлэнтэй тунгалаг царайг үзлийн муухай болгох уу?... Энэ мэтчилэн цуврах асуултын тэмдгийн хариуд хувийн бодолоосоо илэрхийлэхүйд ийн өгүүлэх байна.

Амьд амьтан бүхэн тэр ялангуяа хүн төрлөхтөн зөвхөн жаргалаас өөрийг хүсдэггүй билээ.Түүгээр зогсохгүй өөрсдийн хүсэж буй амгалангаа бии болгох элдэв янзын арга замуудыг хэрэглэх эрхийн хувд ч ялгаагүй тэгш байдаг.Гэвч эдгээр аргуудыг хэрэглэхдээ бусдын эрхийг үл тоомсорлож, тэдний зовлон дээр нь зовлон нэмэх нь ёсонд хазгай юм.Өнөө үед Хууль ёсны бус зүйлс эрс нэмэгдэж байна,Монголын хууль 3 хоног үйлчилдэг,санаачлан боловсруулсан зүйлс нь ихэвчлэн цаасан дээрхээс цаашгүй гэхчлэн дээрээс доош шат ахих тусмаа доройтож байгаа ч аливаа зүйл сайн ба муу хар ба цагаан хослодог нь ертөнцийн бичигдээгүй хууль агаад аливаа зүйлсээс сайныг нь аваад саарыг нь залруулах нь зүйн хэрэг.Гэвч 6 бүлэг 70 зүйлтэй Монгол улсын үндсэн хууль эсвэл 7 бүлэг 52 зүйлтэй Эрүүл мэндийн хуулийн хэрэгжилтийн үр дүнг нийгэм өөрөө та бидний өмнө бэлхнээ илэрхийлж байна.Бидний хувьд асуудалд зөв хандах нь чухал.Үр дагаварын тухайтад ойрын ба алс хэтийн хоёрыг ялган алс хэтийн үр дүн нь чухал байдаг тул даруйдаа тустай боловч хэтдээ уршиг тарих зүйл бол гэм хорыг нь тухайлан үзэж анхнаасаа хийхгүй байвал зохионо.Иймээс болохгүй байгаагаа оюун ухаант хүнд л байдаг онцгой билиг ухааныг ёс журмын дагуу хэрэглэх юм бол алсыг харсан хэрэгжиж болохуйц хууль эрхийн орчин буй болгон,зөвхөн ярьж бичиж бус зөвөөр хийдэг ирээдүй өөрөө цогцлох буй.Тиймийн тул уушигны өвчний үүсгэгч үндсэн хүчин зүйл бологч тамхины тухай хуулийг та бид яг одооноос эхлэн мөрдлөг болгоцгооё. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өдөр тутмын ярианы орчин үеийн сэдвийн нэг нь газар хөдлөлт.Хүйн холбоотой байгал эхийн ааш аяг жилээс жилд өөрчлөгдөн буй нь хэн бүхний өмнө илхэн бөгөөд гадаргын усны хомсдолдэлхийн дулаарал,хорт бодисын тархалт сэтгэлийг улам илүүтэйгээр түгшээж байна .Мөнөөх л даяаршлын эриндэх бидний хийж буй үйлдэл бүрээс энэ бүх өөрчлөлтүүд хамааралтай.Эд материалын хөгжил өндөр түвшинд хөгжсөнөөр сайн үр дагавараас гадна сэтгэлийн болоод бодит зовлон багагүй байдаг.Энэ нь бид өөрсдөө хийгээд байгаль дэлхий оньсон хөдөлгүүрийн бүтээгдэхүүн биш тул дотоод сэтгэлийн үүднээс эх дэлхийтэйгээ харыдаж энгийн жишээ болохуйц тэр л хүн амын өсөлтөөс ч хурдацтай байгаа усны хэрэглээг хязгаарлахаас эхлүүлье. Орон сууцны гоожуураас нэг секундэд 200 мл ус гоождог. Таван секундэд нэг литр ус үргүй зарна гэсэн үг. Нүүр гар, шүдээ угаахдаа усаа тэр чигээр нь гоожуулдаг гэвэл нэг минут онгойлгоод 12 литр ус урсгаж,аяга таваг угаахдаа 10 минут гэж үзвэл 120 литр хэрэглэнэ,бие зассаны дараа 10 литр гэхчлэн үргэлжлэх үргүй зардлыг бууруулахын тулд гоожуураа зогсоцтой ажиллуулъя.энэ бол энгийн оновчтой алхамын нэг.

Зовлонгийн үнэн,Түүний уг болох бүхний үүдлийн үнэн,3овлонг тэвчсэн хорихын үнэн,Тэрхүү хорихуйд аваачих мөрийн үнэн зэргийг бурхан багш анхны номын хүрдийг эргүүлэх үедээ номлосон байна.Бүхнээ түгээмэл үйлийн үрийн агуулгыг энэхүү дөрвөн үнэний номын хүрдээр өөрийн дотоод мөн чанарыг таньж тэдгээр хүч чадлыг хэрхэн улам хөгжүүлэх арга замыг сэдэх нь маш чухал юм.Бидний бие хэл сэтгэлийн ямарч үйл ажил байлаа уламжлалт бурханы шашинтай салшгүй холбоотой. Сонгомол жишээ ньдээр өгүүлсэнчлэн хууль ёс байгал дэлхийд хандах бидний хандлага буюу сэтгэлийн амьтан гэгдэх хүмүүний хийсэн үйл бүхнээс шууд хамаарч байна.Иймээс амар амгалан, зовлонгийн шалтгааныг мэдсэнээр Бурханы шашинтнууд амар амгаланг үйлдэн зовлонгийн шалтгааныг орхин Чухаг дээд Гурван эрдэнэ болох Бурхан,Ном,Хуврагийн чуулгандаа аврал одуулан амгалантай хэрхэн учрах зовлонгоос хэрхэн ангижрах тухай Бурхан багшийн сургаалийг дагадаг билээ.

Гэтэл манай улсын нэгэн нийтлэлч: товчдоо, шарын шашин бол Бурханы шашны "буруудсан хэлбэр" мөний учрыг лам хуврагуудын хийдэг засал гүрэм дором бөөгийн шашинтай холилдсон байдал, ерөөс Монголчуудийн жинхэнэ шашны философийг ойлгох чадвар, өгөгдөл үгүй байсантай холбон тайлбарлаж,

: "...Манал Бурхан ч эмчийн ёс зүйг заадаг, өнөөгийн ойлголтоор Хиппократын тангараг болохоос эмчлэн эдгэрүүлэх далдын шид үгүй. Тарвачимбо, Жадамба Банзрагч гэх мэтийн номыг тангадаар нь уншихаар үл ойлгогдох тэр чимээг сонсоод хүнд ямар өөрчлөлт гарах вэ?" "Суврагыг анх Энэтхэгчүүд бодож олжээ. Буяны гэхээсээ сеифний зориулалттай байсан нь сонин. Тэнд номоо хадгалж, хожим маргаан гарвал тэндээс судраа гарган тулгадаг байж. Сувраганд ямар ч ид шид байхгүй..."хэмээсэн.

Энэ нь эдүгээс 2550 жилийн тэртээ бурхан багш Шагжамүни дэлхийн гол хүйс Энэтхэг орноо заларч, язгуур, бишрэл адилгүй олон шавь нартаа таарсан найман түм дөрвөн мянган тоот номын хүрдээ эргүүлснээс эхлэн, Богд Зонхабын Гэлүгвийн ёс XVI зуунд

Монгол оронд дэлгэрч Төвдийн алдарт гурван их сургуульд боловсрол эзэмшсэн Монголын мэргэд Их хүрээнд Дашчойнпэл, Гунгаачойлин, Идгаачойнзинлин гэсэн гурван их сургуулийг байгуулснаар Их хүрээ бурханы шашны боловсрол, соёлын төв болж, улс орны түүхтэй салшгүй хөгжиж гурвантаа дэлгэрч буй уламжлалт шашны талааархи өөрийн ташаа мэдээллийг орчин үеийн залууст түгээж буй сөрөг талтай зүйлийн нэг нь юм.

Иймээс өвөг дээдсээс уламжлан ирсэн авах гээхийн ухаанаар болгоож,амгалангийн шалтгааныг заасан эм адил сургаалиа бидэнд хайрласан Бурхан багшийнхаа айлдварыг даган

Зохисгүй үйлийг үл үйлдэн

Төгс буяныг хураан баясаад

Сэтгэл оюунаа бүрэн номхотгоё!

Хуудас 5-с 4

Зочин

Манайд 3 зочид онлайн

Feed Display

Сувгийн хаяг тодорхойгүй байна.
  • Гишүүд : 65
  • Мэдээлэл : 130
  • Мэдээллийг Үзсэн Тоо : 147728